Монгол Улсын эдийн засаг,
нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэрхэн хэрэгжсэн талаар МАН-ын
бүлгээр хэлэлцлээ. 2015 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд таван
бодлого, 24 зорилт, 91 арга хэмжээ тусгасан байна. Энэхүү үндсэн чиглэлд туссан
зорилт, арга хэмжээний тоо сүүлийн дөрвөн жилд дараалан буурсаар 2011 оныхтой
харьцуулахад хоёр дахин багасчээ. Тухайлбал, 2011 онд 190 арга хэмжээ тусгагдаж
байсан аж. Засгийн газар 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтийг 76.1 хувьтай гэж
үнэлсэн бол Үндэсний аудитын газар 70 хувьтай гэж дүгнэжээ. Харин үндсэн
чиглэлтийн биелэлтийг МАН бүлэг хангалтгүй гэж дүгнэсэн гэж УИХ дахь МАН-ын
бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээллээ. Тэрээр хэлэхдээ \”Үндсэн чиглэл
70 гаруй хувийн биелэлттэй гэж байгаа ч Засгийн газар ам ажлын зөрүү ихтэй
ажиллаж байна. Үүнийг ард иргэдийн амьдрал нотолж байна. Ер нь үндсэн чиглэлийн
биелэлтийг цаасан дээрх тоогоор биш улс орон, ард түмний амьдралын бодит
байдлаар хэмжих ёстой\” гэв. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн
чиглэлийн бүтэц, агуулгад зарчмын өөрчлөлт ороогүй, төлөвлөлт, судалгаа,
тооцооллын үндэслэлийг сайжруулах талаар өмнөх жилүүдтэй харьцуулахад ахиц
ажиглагдаагүй, зарим арга хэмжээний төсвийн эх үүсвэрийг буруу тооцсон зэрэг нь
холбогдох байгууллагуудын хяналт сул байгаатай холбоотой гэж Үндэсний аудитын
газар дүгнэсэн байна.