Нэг сая 417,4 мянга гаруй хүн амтай Улаанбаатар хотод монгол, хятад, солонгос хоолны газрууд хаа сайгүй тааралддаг. Гэхдээ нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг аж. Ийм газар талбай багатай учир зориулалтын биш байранд хоолны үйлчилгээ явуулах нь зөрчилд тооцогддог байна. Мөн хоолны газруудад ашиглаж буй хийн түлш аюулгүй байдал хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй бөгөөд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоолны газрууд хийн түлш хэрэглэхийг хориглох нь зөв хэмээн холбогдох албаны хүмүүс үзэж байна.
Иргэдээс хоолны салбартай холбоотой ирүүлж буй гомдлын 40 хувийг орон сууцны нэгдүгээр давхарт байрлах хоолны газрын хиншүү, хярвас, хайрсан тосны өмхий үнэр гэрт орж ирж байна, дуу чимээ ихтэй байна гэх мэдээлэл эзэлдэг аж. Иймээс иргэдээс ирүүлсэн гомдол мөн дээрх зөрчлүүдийг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй цайны газруудыг хаах шаардлагатай байгаа тухай асуудал хөндөгдсөн байдаг.
Тэгвэл эл шийдвэрийг цайны газрууд хүлээн авах эсэхийг тодруулахаар бид сурвалжлага бэлтгэсэн юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн дэргэдэх 96 дүгээр орон сууцны нэгдүгээр давхарт олон байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг. Автомашины сэлбэг хэрэгсэлийн дэлгүүр, цайны газар, бичиг хэргийн дэлгүүр, канон, үсчин, паб гэх мэт. Гэхдээ хоолны газрууд энд багагүй бий. Учир нь, энэ хавиар оффис болон сургууль соёлын байгууллагууд олонтой учраас эрэлтийг дагаж хоолны газрууд байрласан байдаг аж.
Өнөөдөр 12.50 цагийн үед ”Шимт том бууз” цайны газарт очвол саяхан нээсэн бололтой хүн цөөхөнтэй байв. Гал тогоонд хэн, юу хийж байгаа нь нүдэнд ил харагдана. 50 эргэм настай эмэгтэй мантуу, хуушуурын гурил сурамгай гэгч нь илдэнэ. Өөр нэг эмэгтэй махаа татаж, бусад эмэгтэйчүүд өөрт оногдсон ажлаа хийж байлаа. Харин касс эмэгтэй “Ямар хоол авах вэ” гэсээр угтлаа. Түүнийг Д.Алтанцэцэг гэдэг.
“Цайны газруудыг хаана гэвэл дэмжих хүн нэг ч байхгүй”
Орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг цайны газруудад шалгалт хийж, шаардлага хангаагүй газруудыг хаана гэсэн мэдээллийн дагуу өөртэй нь уулзаж сэтгэгдэлийг нь сонсох гэж яваагаа би түүнд дуулгалаа. Харин тэрээр “Энэ талаар өөрийн сэтгэгдлээ хэлж болно. Харин зургаа авхуулахгүй” гэдгээ хэлээд ийн ярилаа.
“Манай хоолны газарт 5-6 хүн ажилладаг. Хэрэв хаагдвал ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж бидний аж амьдрал улам л хэцүүдэнэ. Манайх голдуу мэргэжлийн хүмүүс ажиллуулдаг. Байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газруудыг хаана гэвэл “ Дэмжих хүн нэг ч байхгүй”. Манай цайны газар сард сарын сая 600 мянга гаруй төгрөгийн түрээс төлдөг. Дээрээс нь ус, цахилгааны төлбөр төлнө. Бас ажилчдаа цалинжуулна, бараагаа авна. Цаана нь үлдсэн хэдэн төгрөгийг өр зээлээ төлөхөд зарцуулдаг. Өнөөдөр өр зээлгүй нэг ч хүн байхгүй. Амьдрал ийм л байна. Хэрвээ үнэхээр хаана гэсэн шийдвэр гаргавал бид эсэргүүцэж л таарна ” гэв. Тус цайны газар ажилладаг таван эмэгтэй тавуулаа насны хувьд ойролцоо 45-50 насных байх аж.
“Түрээсээр үйл ажиллагаа явуулдаг болохоор хамаг мөнгөө түрээсэнд өгөөд л таардаг”
“Өег цайны газар”-ын менежер Б.Хишигжаргал “Манайх энд үйл ажиллагаагаа явуулаад хэдхэн жил болж байна. Энэ хугацаанд манайд иргэдийн зүгээс ямар нэгэн гомдол санал ирж байгаагүй. Газ хэрэглэдэг байлаа гэхэд манайх хий алдсан зүйл ганц удаа ч байхгүй. Энд ажиллаж байгаа бүх хүмүүс амьдралын төлөө бусадтай л адилхан тэмцэж явна. Манайх өөрөө түрээсээр үйл ажиллагаа явуулдаг болохоор хамаг мөнгөө түрээсэнд өгөөд л таардаг. Ашиг гэхээр юм юу ч олдоггүй. Манай нөхцөлд бүхэл бүтэн байшин барилга түрээслээд цайны газар ажиллуулах хүн бараг байхгүй. Бүгдээрээ адилхан орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа. Төр засаг яагаад ингэж ядарсан иргэдээ байнга дээрэлхэж, дарамталж байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Амьдрал маш хүнд байна. Цайны газруудыг хаавал олон хүн ажилгүй болно” гэлээ.
Тэд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулсан гэдэг шалтгаанаар цайны газруудыг хаавал нэгдэж тэмцэнэ гэдгээ ярилаа. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад тавигдах шаардлагад “Цайны газар зай талбай хүрэлцээтэй халууны ажиллагаа явуулдаг өрөө, хүйтэн цех, бэлтгэлийн өрөө, бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх өрөө, гаднаас бүтээгдэхүүн хүлээж авах цэг гээд бүх зүйл тусдаа байх ёстой” гэж заажээ. Гэвч эдгээр стандарт дээрх газруудад огт мөрдөгддөггүй байна.