Цөвүүн цаг ирж, ээж шигээ, эмээ шигээ эмэгтэйчүүдийг залуус бүлэглэн зодож, дээрэмдэх хэрэг ихэсч байна. Гэмт этгээдүүд ихэвчлэн 20 гаруй насны залуус байгаа бөгөөд тэд бүлэглэн настайвтар эмэгтэйчүүдийн алтан ээмэг болон мөнгөтэй гэдэг нь тогтоогдсон цүнхийг нь дээрэмдэж байна.
Хэдхэн сарын өмнө нэлээд настай нэгэн эмэгтэйг лифтэнд суух гэж байхад нь гурван залуу цүнхийг нь булааж, улмаар цүнхээ өгөхгүй гэж зуурсан эмээ шигээ хүнийг шатаар чирсний улмаас түнх нь мултарч, гарын шуу нь хугарч маш хүнд бэртсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт настай эмэгтэйг араас нь боож унагаж байгаад чихнээс нь алтан ээмгийг дээрэмдэж зугтаасан хэрэг гарсан байна. Түүнчлэн өчигдөр дахин ийм хэрэг гарчээ.
Тодруулбал, \”СХД 1 хороо Толгойтын 65-р гудамжинд манай ээж үл таних хэдэн залуусд дээрэмдүүлсэн байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, СХД 1 хороонд суух 51 настай эмэгтэй О-г тус дүүргийн 1 хороонд оршин суух С /эр.25н/, СХД 22 хороонд суух А /эр.27н/ нар бүлэглэн зодож, \”ХААН”, \”Голомт”, \”Төрийн банк, Улаанбаатар хотын банкны виза карт, цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, 80 мянган төгрөгтэй цүнхийг дээрэмджээ.