Цалингийн асуудлаар өнгөрсөн жилээс хойш өрнөсөн багш, эмч нар болон урлагийн салбарынхны тэмцэл өнөөг хүртэл үргэжлилж хамгийн сүүлд багш нар тохиролцоонд хүрсэн бололтой, сая нэг асуудал намжив. Энэ хугацаанд эмнэлгийн ажилтнуудын хүнд бэрх асуудлыг нэлээд хүчтэй гаргаж тавьсан нэгэн хүн бол сувилагч Ж.Уранчимэг байсан билээ. Тэрээр өөрийн бүхий л амьдралаа ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зориулж өөрийн биеийг үл хайрлан зүтгэж явахдаа аймшигт өвчнөөр шаналах болсноо олон түмэндээ учирлан тайлбарлаж, төрийнхэнд хэлэхээ хэлж хатуухан шүүмжилж явсан зоригтой нэгэн бүсгүй байв. Харамсалтай нь өөрийгөө сувилж, үрийн үрээ үзэж чадалгүй өрөөлийг сувилж явсан эрүүл энхийн нэгэн манаач, ээжийнхээ бяцхан охин, энхрий үрсийн элбэрэлт ээж энэ хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.