Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Өнөөдөр:
-Шохойн зургийн уралдаан Спортын төв ордны баруун талын туслах авто зам дээр 12:00-15:00 цагийн хооронд “Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос хамгаалъя” сэдвийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 6-10 нас, дунд ангийн 11-14 насны сурагчдыг хамруулан 2 үе шаттай зохион байгуулна.
-Сургааль үгээ хэлэлцэх арга хэмжээ болно. Өвөө эмээ, аав ээж нар, Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүр өөрсдийн хэлэх сургаалиа цаасан дээр, мөн цээжиндээ өвөртлөн ирж оролцох боломжтой. Сургаалиа хэлэлцэх ард иргэдийг Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг иргэн А.Мягмарсүрэн уриаллаа.
-Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй “ЭВ НЭГДЭЛ” дуатлон цуврал Улаанбаатар-2018 улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт 11.00 цагт Чингис зочид буудлын төв талбайд болно. Тэмцээнийг IronMan club of Mongolia, Монголын Триатлоны холбоотой хамтран зохион байгуулж байна.
-Уран хатгамалчдын улсын 3-р уралдаан 10:00 цагаас Уран зургийн галерейд эхэлнэ. Тус уралдааныг Монгол Улсын соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах , өвлүүлэн уламжлуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уран хатгамлын урлагийг хөгжүүлэх, түүний сан хөмрөгийг арвижуулах, чанаржуулах, уран хатгамалчдыг дэмжих, тодруулах, хатгамлын урлагийн судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, хатгамал сонирхогчдын хүрээг өргөжүүлэн охид, эмэгтэйчүүдийн оюун ухаан, гоо зүй, ур чадвар, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Өмнө нь 2005, 2010 онуудад 1, 2 –р уралдаан зохион байгуулагдсан. Энэ удаагийн уралдаанд 21 аймгаас шалгарсан бүтээлүүд оролцоно.
-Мишээл экспо төвд 12:00 цагаас “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”-ны үр шим өдөрлөг болно. Өдөрлөгөөр “Мах, сүүний анхдугаар аян-ы үр дүнг танилцуулж, “Та сүүгээ уусан уу”, “Махны салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг тус тус болж, амталгаат худалдаа , сурталчилгаа, шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийнэ.
-Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох юм.