Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.05.04/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь МАХН-МҮАН-ын \”Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авсан учир хэлэлцүүлгийг хойшлуулаад байсан юм. Завсарлага авсан хугацаанд \”Шударга ёс” эвслийн бүлгээс ажлын хэсэг гарган ажилласан хэмээн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ мэдэгдээд тус бүлэг хэлэлцсэний эцэст Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцье гэсэн байр суурин дээр нэгдсэн хэмээлээ.
Ингээд уг дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа, Ш.Түвдэндорж, Ц.Даваасүрэн, Л.Цог, Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан, Г.Уянга, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ нар байр сууриа илэрхийлээ. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн шийдвэрийг хэлэлцэх шаардлагагүй, буцаах ёстой хэмээсэн бол УИХ-ын гишүүн Л.Цог Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байрь суурьтай байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж нар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй гэлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Холимог тогтолцоо парламентын төлөвшилд их хэрэгтэй зүйл. Харин Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргалаа. Тиймээс цаг хугацаа алдахгүйн тулд цэцийн шийдвэрийг хүлээн аваад хуулийн зохицуулалтуудаа хийгээд сонгуулиа цаг хугацаанд нь явуулах хэрэгтэй байна гэж хэлсэн.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад \”хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт \”Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасны \”… 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар …” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт \”Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … шууд … сонгоно.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт \”Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийн заалт тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Бид Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Мөн бид өмнөх Сонгуулийн тухай хуулиа хүчингүй болгосон байгаа. Тэгэхээр жагсаалтаар сонгогдсон 28 гишүүний асуудал хэрхэх талаар яригдах байх хэмээсэн.
Харин УИХ-ын дарга З.Энхболд, Энд буруу ойлголт байгааг хаах хэрэгтэй. Дараагийн УИХ сонгогдтол өмнөх УИХ-ын сонгууль хүчинтэй хэвээр байна. Тийм учир санаа зовох зүйл байхгүй. Үндсэн хуулийн цэцийн болоод УИХ-ын ойлголт энэ тал дээр нэг байгаа. Үндсэн хуулийн өөр нэг заалтаар УИХ хүчинтэй хэвээрээ байгаа. Одоо дараагийн хуулийн өөрчлөлтийг яаралтай хийхгүй бол маргаашаас эхлээд намуудын нэр дэвшүүлэх процесс эхэлж, есөнд дуусах ёстой. Энэ хугацааг хойшлуулахгүй бол намаас болон бие даан нэр дэвшигчдэд хугацаа байхгүй болсон байна. 06 дугаар сарын 29-ний өдөр сонгууль явагддагаараа явагдана. Тэр хугацааг хэн ч өөрчлөх эрхгүй. Харин нэр дэвшүүлэх хугацаагаа хойшлуулах шаардлага Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар гарч ирж байна гэсэн хариуг өглөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.