Эмхэтгэлийн шинэ дугаарт, Тоон гарын үсгийн гэрчилгээг олгох талаар
авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Тогтоолоор, тоон гарын үсэг, түүний гэрчилгээг иргэний
үнэмлэхэд суурилуулан олгох үйл ажиллагааг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс
эхлэн тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн
этгээдтэй хамтран зохион байгуулахыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын
дарга С.Мэндсайханд даалгажээ.
Түүнээс гадна, тоон гарын
үсэг, түүний гэрчилгээг төрийн албан хаагчдад 2016 оны 4 дүгээр сарын 1-ний
өдрөөс эхлэн олгох арга хэмжээ авч, тэдгээрийг холбогдох мэдээллээр ханган
сургалт зохион байгуулахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын
дарга Ц.Жадамбаа, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан
нарт даалгасан байна.
Авлигын эсрэг хуульд,” Монгол
Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн
газрын гишүүн, Монгол Улсын сайд …зэрэг албан тушаалтны хөрөнгө орлогын
мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтааж \”Төрийн мэдээлэл” эмхэтгэлд
хэвлэн нийтэлнэ” гэж заасны дагуу Албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө орлогын
мэдүүлгийн байдлыг эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтэллээ.
Энэ удаа нийт 220
мэдүүлэг гаргагч болон тэдний гэр бүлийн гишүүдийн 2015 онд олсон орлого, эзэмшилд
байгаа орон сууц, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар,
үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл, хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл,
авлага, зээл зэрэг мэдээлэл бүхий мэдүүлгийг нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах
хэлтэс мэдээлэв.