МАН-ын бүлгийн гишүүдийн иргэдтэй уулзсан уулзалт НӨАТ-ын хэрэгжилтийн асуудлаар үргэлжлэв. Энэ хууль ялангуяа гэр хороололд хүнсний дэлгүүр ажиллуулж, ажил амьдралаа залгуулдаг иргэдэд хүндээр тусч байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ганбаатар хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тэрбээр \”Худалдан авагч, дэлгүүрийн эзэд хоёр хоорондоо маш их зөрчилдөж байна. Нэг хүн орж ирээд тамхиа авахдаа сугалаагаа авна, эргэж гараад хоёр минутын дараа орж ирээд дахиад талхаа авна. НӨАТ-ын цаас нь 800 төгрөгийн үнэтэй. Таван юм авах гэж таван удаа цувж орж ирдэг. Таван сугалааны баримт авах гэж шүү дээ. НӨАТ-ын машин тавиагүй дэлгүүрт хүн орохгүй. Үүнээс болоод жижиг дэлгүүрийн орлого муудаж байна\” гэлээ. Анх кассын машиныг 70, 80 мянган төгрөгөөр зарж борлуулах асуудал ярьж байсан ч сүүлдээ үнэ нь 1 сая 500 мянган төгрөг болжээ. Жижиг хүнсний дэлгүүрүүд өдөрт бараг 30, 40 мянган төгрөгийн орлоготой нь ч бий гэнэ.
Гэр хороололд интернэт бэрхшээлтэй учраас татварын байгууллагатай харилцах харилцаанд мөн л асуудал үүсч байгаа аж. Татварын байгууллагад хандаад асуудлыг тавихаар \”хуулийг заавал биелүүлэх үүрэгтэй, эс биелүүлбэл хариуцлага хүлээлгэнэ\” гэдэг тухай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн ярилаа. Зөвхөн нэг хүн бус нийтээрээ хуулийн хариуцлага хүлээх болоод байгааг өөрчлөх ёстой гэж тэрбээр хэлсэн юм. Мэдээж дэлгүүрүүд бүгд НӨАТ-ын 10 хувиа нэмээд бараагаа худалдаж байгаа, сугалааны мөнгө төсвийн мөнгө биш болох тухай ч иргэд ярьсан. Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн иргэн Ц 400 саяын сугалааны хонжвор таарсан ч хулхидуулсан гэдгээ хоолой зангируулан ярив. Тэрбээр 400 саяын хонжвор таарснаа мэдээд e-barimt.mn сайтад ортол алдаа заагаад нэвтэрч болоогүй гэнэ.
Тиймээс ГТЕГ-ын НӨАТ-ын урамшууллын сангийн төслийн нэгжийн захиралтай уулзаж, азтан болсноо мэдэгджээ. Харин нөгөө албаны хүн баримтын бар код балартчихсан учраас шалгаад хариу өгнө хэмээн авч үлджээ. Гэтэл тодорхой хариу өгөөгүй, хэд хоногийн дараа 400 саяын азтаныг Дорноговь аймгаас тодорсон тухай иргэн Ц ярилаа. Гол нь хулхидуулаад зогсохгүй, залилан хийх гэсэн мэтээр гүтгүүлж байгаадаа гомдолтой байгаа аж. Тэрбээр НЭАХХ-нд хандаж эрх ашгаа хамгаалуулахаар ажиллаж байгаа юм байна.
Уг хуулиас болж эрх ашиг нь зөрчигдөж буй иргэд НӨАТ-ын хуулийг тодорхой босготой болгох шаардлагатай гэж үзэж буй аж. Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүдтэй өмнө ч уулзжээ. Иргэдийн хүсэлтийн дагуу МАН-ын бүлгийн гишүүд НӨАТ-т 100 сая төгрөгийн босго тогтоох хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ. Харамсалтай нь Засгийн газраас хариу ирэлгүй хуулийн хугацаа нь өнгөрсөн байна. Тиймээс УИХ-ын даргад өргөн барихаар тов хүлээж байгаа аж. Уг хуулийн төсөлд туссанаар жилийн борлуулалт нь 100 саяас бага орлоготой аж ахуйн нэгжүүдээс НӨАТ авах хугацааг 2019 он хүртэл хойшлуулах юм байна. Хэрвээ эрх баригчид хуулийн төслийг хэлэлцвэл жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй бэрхшээл шийдэгдэх ажээ.