Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хот руу орох, гарах товчоод дээр байрлаж байгаа ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн асуудлын хөндлөө. Тэрбээр “Улсын хилээр нэвтрэх хорио цээрийн асуудлыг тодорхой хэдэн байгууллага л хариуцдаг хэвээрээ л байх нь зөв. Харин салбарын яам болгон оролцох юм бол буруу. Мэргэжлийн хяналтын дарга ирсэн байгаа дээр нэг зүйл хэлмээр байна. Энэ зунжин Улаанбаатар хотын орох, гарах пост дээр баахан бодис шүршлээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн сар иргэдээс 1000 төгрөг хураалаа. Гэтэл энэ нь зүгээр л халтуур. Учир нь шөнө болохоор цацахгүй, машинууд давхиад орчихдог, гарчихдаг. Харин өглөө болохоор хэдэн шар хувцастай нөхдүүд гарч ирээд, 1000 төгрөгөөр тасалбар борлуулдаг энэ халтуураа одоо болихгүй юм уу. Шүршиж байгаа хүмүүс нь дугуйны гадна тал руу цацсан болоод өнгөрдөг. Тиймээс энэ халтуураа одоо боль. Миний сонссоноор бол хувийн компаниуд л энэ ажлыг хийж, гүйцэтгэж байгаа гэх юм. Тиймээс мэргэжлийн хяналтын дарга та хяналт тавьж, энэ бизнесийг болих хэрэгтэй. Үнэхээр асуудал ноцтой байгаа бол арай өөр зохион байгуулалтаар явуул” гэв.