Бид улс төрчид авлигачид гэж олон жил ярьж байна. Гэтэл тэд авлигачид байхаар өөр аргагүй тогтолцоог Монголд бүрдүүлжээ. Наад захын жишээ Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн зардлын дээд хэмжээг ҮАГ тогтоодог. Харин тэд сонгуулийн үеийн хөөсөрсөн үнийг жишиг болгодог. Тиймээс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал гэхэд нэр дэвшигч 3,9 тэрбум, нам 6,8 тэрбум нийлээд 10,7 тэрбум болсон. Энэ таазанд Монгол Улсын дундаж орлоготой иргэн хүрэхгүй тул хөрөнгө мөнгөтэй эсвэл эрх мэдлээрээ богино хугацаанд мөнгө босгох эрхмүүд сонгуульд өрсөлдөнө. Төрийн эрхэнд гараад төсвийн мөнгөөр шархаа нөхнө.
Өндөр хөгжилтэй улс орнуудад сонгуулийн зардлыг аль болох хамгийн хямдаар явуулах бодлого барьж байна. Тухайлбал Швейцарт Парламентын сонгуулийн зардлын дээд хэмжээ 3000 евро байна. Ингэж байж иргэдийн сонгогдох эрх хөрөнгө мөнгөнөөс үл хамааран хэрэгжинэ. Эдгээр орны хуульд сонгуулийн үеийн хөөсөрсөн үнийг хорих заалтууд ч байна. Өндөр үнэтэй үйлчилгээ хэрэглэсэн нэр дэвшигчийг эргүүлэн татдаг.
Үнэхээр чөтгөрүүд жижиг юмны ард нуугдаад байна. Төртэй гэрээлэн ажилладаг ТББ-ууд хүртэл Шилэн дансны тухай, Мэдээллийн ил тод байдлын тухай, Төрийн аудитын тухай гэх мэт олон хуульд хамрагдан удирдлага нь ХОМ өгдөг атал төсвөөс хэдэн саяар дэмжлэг авч байгаа УИХ-д суудалтай намууд энэ олон хуулиас сугараад үлдсэн байна. Сугарсаар байгаад хяналтгүй, хариуцлага хүлээдэггүй “Дархлагдсан бүс” болгоод хувиргачихаж!
Тогтолцоогоо шинэчлэхгүй бол хичнээн улс төрчдийг хараагаад, огцруулаад ч яах юм билээ. Гашилсан саванд шинэ сүү хийгээд удахгүй гашилна гэдгийг Монгол хүн бүр мэднэ.
Эх сурвалж: Sosormaa Chuluunbaatar