Зургийн тайлбар. Таван замын байлдааны үеийн монгол цэргийн давшилтын чиглэл. Зургийг боловсруулсан түүхч, доктор Г.Мягмарсамбуу.
Өвөр Монголыг Дундад Иргэн Улсын цэргээс чөлөөлөхийн төлөө явуулсан дайн Их Хүрээнд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний дараа Барга, Өвөр монголчууд үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэлд нэгдэж, Монгол Улсад дагаар оров. Гэтэл Дундад Иргэн Улсын засгийн газар Өвөр монголд цэргээ оруулж, улмаар Монголын тусгаар тогтнолыг түлхэн унагахыг санаархаж байв.
Богд хааны зарлигаар Өвөр Монголыг чөлөөлөхөөр таван замаар мордуулсан цэрэг 1913 оны хаврын дунд сарын төгсгөлөөр Өвөр монголын нутагт орж, улмаар хаврын дунд сараас эхлэн хятад цэрэгтэй байлдаж эхэлжээ. Богд хааны зарлигаар 1913 оны 7 дугаар сарын 1-нд Манлай баатар Дамдинсүрэнг Өмнө зүгийн цэргийг дайчлан захирах жанжнаар томилсон бөгөөд энэ үеэс монгол цэргийн байлдааны ажиллагаа улам эрчимжиж, хятад цэргийн эсрэг шийдвэртэй давшилт явуулав. Үүнд, сайд Сономдорж, Чагдаржав нарын удирдсан цэрэг Түшээт хан аймгийн өмнө захаас Улаанцавын чуулган-Хөх хотын чиглэлд, сайд Манлай баатар Дамдинсүрэн, Ялгуун баатар Сумъяа нарын удирдсан цэрэг Дарьганга, Егүзэрийн хийдээс Шилийн голын чуулган, Зуу-Уд, Цахар, Долон нуурын чиглэлд гол цохилтыг явуулжээ. Үүний үр дүнд Монгол Улсын засгийн газрын цэрэг 1913 оны намрын сүүл сар гэхэд Өвөр монголын ихэнх нутгийг чөлөөлөв.
Гэтэл Хаант Орос болон Дундад Иргэн Улсын зүгээс Өвөр монголд явуулж байгаа байлдаанаа зогсоож, цэргээ гэдрэг татахыг Богдын засгийн газарт удаа дараа тулган шаардаж, дарамт шахалт үзүүлж байсны улмаас Богд хааны зарлигаар 1913 оны 11 дүгээр сард Өвөр монгол дахь байлдааныг зогсоож, цэргээ гэдрэг ухруулан татжээ.
Энэ байлдаанд Монголын талаас 10000 орчим цэрэг оролцсоны ихэнх нь Барга, Өвөр монголын цэрэг байв. Харин Дундад Иргэн Улсын цэргийн хүч хэд дахин давуу байсан бөгөөд судлаачид гучаас дөчин мянгад хүрч байсан гэж үздэг.
Энэ байлдааныг манай түүх бичлэгт “Таван замын байлдаан” хэмээн нэрлэж ирсэн бол Өвөр монголын түүх бичлэгт “Үхэр жилийн үймээн” хэмээдэг. Харин Хятадын түүх бичлэгт “Гадаад Монголын урвасан цэргүүд Өвөр монгол руу халдан түрэмгийлсэн” үйл явдал хэмээн үздэг. Гэвч энэ бол байлдаан, үймээн ч биш харин Монгол, Хятадын хооронд болсон томоохон дайн байв. Энэ дайны гол үр дүн нь Монголын тусгаар тогтнол, монгол цэрэг эрсийн хүч чадал, байлдах чадварыг үл тоон басамжилж байсан Дундад Иргэн Улсын эрх баригчдад томоохон цохилт сануулга өгч, Монголыг цэргийн хүчээр эзлэх боломжгүйг харуулж, тэднийг аргагүйн эрхэнд хэлэлцээний ширээний ард суулгахад хүргэсэн юм.
Түүхч, доктор Г.Мягмарсамбуу
Ашигласан ном зохиол:
Гангааням С. “Монголчууд тусгаар тогтнолоо хамгаалан тэмцсэн нь (1911-1921)” Уб.,1993.
Мягмарсамбуу Г. “Монгол Улсын цэрэг, цэргийн жанжид (XX зууны эхэн)” Дөтгөөр дэвтэр. Цэргийн жанжин Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэн /1871-1921/ /Түүх, угсаатны зүйн судалгаа/. Уб.,2012.
Тайван Өргөдэй. “Үхэр жилийн үймээний гэрэл ба сүүдэр”. Өвөр Монголын Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо. 2006 он. /монгол бичгээр/
Дэлгэрүүлж үзэх ном зохиол:
Лан Мэй Хуа. “Монголын тусгаар тогтнолын төлөө 1911 оны хөдөлгөөн: Нэгдсэн Монгол улс байгуулах эрмэлзэл”. Англи хэлнээс орчуулсан С.Түвшин. Хянан нягталсан Ж.Болдбаатар, Ж.Урангуа. “Соёмбо принтинг” ХХК. Уб.,2011.
Тачибана Макото. “Монголын мартагдсан түүх. Богд хааны засгийн газар /1911-1921/”. “МН Технологи” хэвлэх үйлдвэр. Уб.,2011.
Урангуа Ж. “ХХ зуун эхэн үеийн Монгол Улс /1911-1919/”. “Мөнхийн үсэг групп” ХХК. Уб.,2006.