Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчид дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт ирүүлж, хянуулах үүрэг хүлээж байсан юм. УИХ-ын сонгуульд өрсөлдөх 17 нам, гурван эвсэл, 105 бие даагч мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт ирүүлсэн бол аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөх 325 бие даагчийн мөрийн хөтөлбөр мөн хянагдаж баталгаажсан байна. Нийт дүнгээрээ 430 бие даагчийн мөрийн хөтөлбөрт аудит хийжээ.
УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хүлээн авах хугацаа тавдугаар сарын 10-наар дууссан бол орон нутгийн сонгуульд өрсөлдөх бие даагчдын мөрийн хөтөлбөрийг авах хугацаа тавдугаар сарын 5-наар тасалбар болсон байна. Одоо Үндэсний аудитын газар Сонгуулийн ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахтай холбогдсон зардлын тайланд аудит хийх бол улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулсаны дараа сонгуулийн зардлын данс нээсэн мэдэгдлийг Үндэсний аудитын газарт ирүүлэх ёстой юм байна.
Сонгуулийн тухай хуульд хандивын дээд хэмжээг иргэн 3 сая хүртэл төгрөгөөр, хуулийн этгээд 10 сая төгрөг хүртэл байхаар зааж өгсөн бол Үндэсний аудитын газрын олон нийтэд мэдээлэх хязгаар нь 1 сая төгрөгөөс дээш иргэний хандив, хоёр сая төгрөгөөс дээш хуулийн этгээдийн хандивыг зарлах үүрэг хүлээж байна.