Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, Д.Сарангэрэл, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал нар өнөөдөр /2016.05.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн цогц тогтолцоо бүрдлээ хэмээн онцолсон. Тэрбээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан бөгөөд 12 жилийн дараа шинэчлэн батлагдсан энэ хуулийн зохицуулалт ньЭрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай нягт уялдаатайгаар хуульчлагдсан хэмээгээд энэ хуулийг батлахад УИХ дахь 11 эмэгтэй гишүүн маш их үүрэг гүйцэтгэсэн гэж хэлсэн юм. 9 дүгээр сарын нэгнээс хууль хэрэгжиж эхэлснээр өрх гэр амьдрал амгалан тайван байх нөхцөл бүрдэнэ гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц шинэчлэлийн хүрээнд олон өөрчлөлтүүд хийгдлээ хэмээсэн.Гэр бүлийн хүчирхийлэл анх удаа гэмт хэрэгт тооцогдох болж, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулдаг хэрнээ энэ төрлийн хэрэг нь зөрчил ч биш, гэмт хэрэг ч биш, иргэний маргаанд тооцогддог байсан нь өөрчлөгдсөнийг гишүүн онцолсон.
Тэрбээр, хүчирхийлэл үйлдсэн хүнд хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, тодорхой газар очихыг хориглох, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах зэрэг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хүлээлгэхээр боллоо. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ хүний амийг санаатай хөнөөсөн, биед нь гэмтэл учруулсан бол хорих ял оноохоос гадна оногдуулах ялыг хүндрүүлэхээр хуульчиллаа.
Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхээр болж байна. Цагдаагийн алба хаагч хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг хүлээн авсан даруй таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар айлд нэвтрэх, хохирогчийг хамгаалах, аюулын зэргийн үнэлгээ хийх, хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хурааж авах, хохирогчид гэрээсээ хувцас, эм, хүүхдийн хичээлийн хэрэгслээ авахад нь туслах, баримт бичгийг нь хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах зэрэг үүргийг хүлээх боллоо гэж мэдээлэлдээ дурдсан.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл гэр бүлийн хүчирхийлэлд баяртай гэж хэлэх цаг ирлээ гэж хэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас гадна Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд гэр бүлийн хүчирхийллийн талаар заалт оруулан энэ гэмт хэрэгтэй цогцоор тэмцэх боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Дээрх таван хуульд гэр бүлийн хүчирхийллийн талаар тусгуулахад эмэгтэй гишүүд дуу нэгтэй ажилласныг дурдаад ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганбат, ХЗЯ-ны хамт олон, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон ажлын хэсгийнхэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гэртээ эхнэрээ зодоход гэмт хэрэгт тооцогддоггүй байсан нь эцэс боллоо гэлээ. Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдсэн иргэд, хөрш нь заавал мэдээлж байх үүргийг хуулиар хүлээдэг болсон нь хууль дахь чухал заалтуудын нэг болохыг онцолсон.
УИХ-ын гишүүн Г.Уянга, Р.Бурмаа нар нийгэмд бугшсан асуудлыг шийдэх том гарцыг энэ хуулиар нээлээ гэж хэлсэн. Эрхэм гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн золсон болдог хүүхдийг хамгаалах чиглэлээр олон заалт орсон талаар мэдээлэл өгсөн.
Тухайлбал, хүүхдийн насанд хүрэгчдээс хамааралтай, нас, сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүй, эмзэг байдаг онцлогийг харгалзан, хүүхдийг хүчирхийлллээс хамгаалах үйлчилгээ, дэмжлэг, туслалцаа, хамгаалалтыг тусгайлан зааж өгчээ.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал гэр бүлийн хүчирхийллийн улмаас сүүлийн зургаан жилд 90 хүн ойр дотны хүмүүсийнхээ гарт амь насаа алдаж, өнгөрсөн онд л гэхэд24 хүн, он гараад эхний дөрвөн сард 5 хүн амь насаа алдсан гэсэн мэдээллийг өгсөн. Тэрбээр, 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан ч холбогдох бусад хуулиудад гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар тусгаагүйгээс хохирогч хохирсон дээрээ нэмж хохироод үлддэг байсан гэлээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв байгуулагдсан цагаасаа хойш давхардаагүй тоогоор 19600 хүнд үйлчилсэн бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас хойшхи 12 жилийн туршлага, 19600 хүнд үйлчилсэн сургамж дээр тулгуурлан боловсруулж баталсан хууль гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход чухал хувь нэмрээ оруулна гэдэтг итгэж байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.