Би Америкт, ялангуяа Харвардад суралцахыг дунд сургуулийн сурагч байхаасаа л мөрөөддөг байлаа. Бага насны энэ хүсэл зорилгоо би ШУТИС-ийн бакалаврын зэргээ авсаны дараа, анхны ажлын гараагаа эхэлсэний дараа ч орхиогүй юм. Хүсэл зорилгодоо үнэнч байсан тул АНУ-ын Калифорни мужийн Голдэн Гэйт их сургуульд Санхүүгийн ухааны магистр, Нягтлан бодох бүртгэл-Татварын магистр зэргүүдийг хамгаалсны хажуугаар Америкийн Хөдөө Аж Ахуйн Судалгааны Төв болон мэдээлэл технологийн томоохон компанид туршлага хуримтлуулах боломжтой болсон. Одоогоор Харвардын их сургуулийн Менежментийн магистрын зэргийг энэ 12 сард хамгаалахаар суралцаж байна.
1. Хүсэл зорилгоо тодорхойлох
Хүн суралцах чиглэлдээ хүсэл зорилготой, Монголын зах зээлд ямар орон зай эрэлт хэрэгцээтэй байгаа, эргэж эх орондоо ирээд юу хийх вэ гэдгээ тодорхойлж, өөрийгөө таньж мэдсэний дараа гадаад руу суралцахаар явбал зорилготой, үр дүнтэй суралцана гэж бодсон учраас бараг 2 жил Монголдоо ажилласны дараа 2012 онд АНУ-ын Голден Гейт их сургуульд санхүүгийн ухааны мастер зэрэгт суралцахаар явсан. Голден Гейтийн их сургууль нь АНУ-ын Сан Франциско хотод байрладаг 100 гаруй жилийн түүхтэй хувийн сургууль бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол оюутнуудыг сургах сонирхол нь нэмэгдэж нилээдгүй Монгол оюутнууд суралцах болсоны хажуугаар тэтгэлэгт хамрагдах боломж ихэссэнийг хэлэхэд тайтай байна.
2. Хичээл зүтгэл ба боломжуудыг эрж хайх… зорилгоо дотроо тээсээр л бай
Санхүүгийн магистрын зэрэгт суралцаж байх хугацаанд би англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэний зэрэгцээ Америкийн амьдралын хэв маягыг ойлгож, шинэ боломжуудыг олж харж эхэлсэн. Америкийн ихэнх их сургуулиуд хичээлийн улирал бүр томоохон компаниуд болон муж хотоос санхүүжигдэх тэтгэлэг зарладаг ба гадаадын оюутнууд эссе бичих, голч дүн өндөртэй байх зэрэг энгийн шалгууруудаар шалгагдаж тэтгэлэг авах боломжууд их байдаг. Энэ хугацаанд би Харвардад суралцах зорилгоо орхиогүй байсан ба харин ч бүр үүд хаалга нь улам ойртсон мэт санагдаж элсэлтийн шалгуурууд болон сургалтын төлбөр, тэтгэлэгийн талаар судалж эхэлсэн. Сургуулиа төгссөний дараа гадаад оюутнууд 1 жилийн хугацаанд мэргэжлээрээ Америкт ажиллах боломжтой (Optional Practical Training) байдаг ба би Техасын их сургуульд судалгааны ажилтнаар орсон.
3. Цагийн менежмент ба төлөвлөгөө… хэзээ ч битгий зорилгоосоо ухар
Судалгааны ажил хийж байх хугацаандаа Харвардын элсэлтэнд шаардагддаг эссенүүд болон GMAT ба IELTS-ийн шалгалтанд бэлдэхийн хажуугаар тэтгэлэгт хайж шалгаруулалтуудад нь бэлдэж байсан. Гадаад оюутнууд сурах чиглэлээсээ шалтгаалан тэтгэлгүүд авах боломжтой байдаг. Жишээлбэл, American Association of University Women www.aauw.org, гадаадад оюутнуудад зориулсан вебсайт International Education Financial Aid. www.iefa.org
Түүнчлэн сургуульдаа тэнцэж орсоны дараагаар тэтгэлэг авах боломжууд ихтэй байдаг шүү.
All of your hard work will pay off…
Дэлхийн шилдэг гэгдэх Харвардын их сургууль хүртэл бидний Монгол залуусын оюун бодол, дуу хоолойг сонсохыг хүсэж байна. Та л зорилгодоо үнэнчээр зүтгэвэл Харвардын үүд хаалга нээлттэй байна.
Харвардын их сургуулийн оюутан Doyo Gunchin-ish