ХХААЯ-наас өрхийн тариаланг дэмжиж, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд салбарын сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалан эрхэлж байгаа иргэдтэй уулзлаа. Тэрээр Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих \”Төмөр” сан ТББ-ийн ногооны талбайтай танилцаж 1.5 га талбайд тариалах төл сонгино, шар манжин, хүрэн манжин зэрэг нарийн ногооны үрийг бордооны хамт өгсөн юм. 5-р сарын 19-ний өдөр болсон МҮХАҮТ-оос зохион байгуулдаг ээлжит \”Business Breakfast” уулзалтад нутаг нутгийн тариаланч, аж ахуй эрхлэгчдийн хамт оролцох үеэр тус ТББ-ын тэргүүн П.Төмөрбаатар нь сайдтай уулзаж ногоо тариалалтад хэрэгцээт үрээр тусалж дэмжихийг хүссэний дагуу энэхүү тусламжийг үзүүлж байгаа юм. Урд нь сайд дарга нартай уулзах цаг авахад хүндрэлтэй байсан бол Р.Бурмаа сайдад хүргүүлсэн хүсэлт ажлын 5 хоногт шийдэгдэж байгаад тэргэнцэртэй иргэд ихэд талархаж байлаа. Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих \”Төмөр” сан ТББ нь нийт 3 га газар төмс, хүнсний ногоо тариалдаг ба энэ жил 60 иргэнийг ажлын байраар хангаж тус ногооны талбайд ажиллуулах юм. Энэ онд улсын хэмжээнд 322,96 га талбайд үр тариа, үүнээс 13.4 га-д төмс, 7.1 га-д хүнсний ногоо тариалах зорилт тавьсан. Энэ ажилд зөвхөн албан байгууллага гэлтгүй хүнсний ногоо тариалах хүсэлтэй иргэдийн оролцоо чухал гэдгийг салбарын сайд онцолсон. Төмс хүнсний ногоо тариалаад зогсохгүй бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, иргэдийн гарт эрүүл хөрсөнд ургасан монгол ногоог хүргэх гэдэг бас нэг чухал асуудал. Үүний дагуу \”Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, харьяа яамны удирдлагууд хүнсний ногооны зоорь, бүтээгдэхүүн тээвэрлэхэд дөхөм болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна.
Эрүүл монгол хөрсөнд ургасан төмс, хүнсний ногооны хажуугаар импортын ногоо ихээр борлуулагддаг. Энэ нь дотоодын төмсний хэрэгцээг бүрэн хангах боломжтой хүнсний ногоо тариаланчдад хүндрэл учруулдаг учраас төрөөс төмс, хүнсний ногооны импортын гаалийн албан татварыг 20 хувь болгож нэмэгдүүлсэн. Мөн бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох, бүртгэлжүүлэх журмыг энэ оноос хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх ажлын үр дүнд улсын хэмжээнд төмс, хүнсний ногоо тариалж байгаа 63 мянга гаруй өрх, аж ахуйн ногоочин бүр хувийн тамга тэмдэг, бүртгэлийн кодтой болж иргэдийн гар дээр очиж байгаа хүнсний ногоог аль нутгийн хэн гэдэг тариаланч тарьж ургуулсан, ногооны гарал үүсэл нь хаанаас гэдэг нь тодорхой болох юм.