Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол бичгийн юникодыг сайжруулах ажлын хэсэг байгуулсан. Тэгсэн нөгөө этгээдүүд нь монгол бичиг мэдэхгүй хүмүүс байж таарав. Мөн үндсэн ажлаасаа хазайж Монгол бичигт шинэ үсэг зохиох санал гаргаад л явж байна. “Гүйх нохойд баах нохой саад” гэгчээр төрийн байгууллагууд “Юникод” гэж ойлгохгүй, монгол бичиг мэдэхгүй байж “даахгүй нохой булуу хурааж” яах билээ дээ.
Энэ бол төрийн байгууллагуудын чадахгүй байж ажил хийсэн болж, ерөнхийлөгч зарлигдсан болоод өнгөрөх асуудал биш. Монгол хэлний эрдэмтэд код гэж мэдэхгүй. Төрийн байгууллагын нөхөд монгол бичиг мэдэхгүй. Харилцан ойлголцож чадахгүй учраас ийм элий балай санал гаргаж байна.
Хувийн байна уу, хувьсгалын байна уу хамаагүй. Нэгдсэн шийдэлд хүрэх хэрэгтэй. Төрийн байгууллагын зургаан сарын хугацаанд хийсэн ажил нь “ө,ү” үсэг монгол бичигт нэмэх болж таарсан. Ичихгүй олон улсын юникодын хуралд нөгөөхөө илтгэчихсэн байна. Ө,ү ялгах хэрэгтэй бол тод бичиг байна шүү дээ.
Монгол төрийн ийм заваарсан сунжирсан ажлыг хүлээгээд суудаг олон улсын байгууллага гэж байхгүй. Хэний санал ялах нь чухал биш. Хэний санал оновчтой байна вэ? гэдэг чухал шүү дээ. Өвөр Монгол эрдэмтдийнх Монгол Улсын саналаас илүү байвал тэрийг нь сонго. Үнэхээр Монгол Улсын Болорсофт компанийн санал дэвшилттэй байвал үүнийг сонгоод, санал нэгдэх хэрэгтэй. Монгол бичиг мэдэхгүй байж кодын асуудлыг шийдэх ямар ч боломжгүй. Тиймээс Харилцаа холбооны газар, Стандарт хэмжилзүйн газар эртхэн чадахгүйгээ ерөнхийлөгчдөө хэлж үз.
Ursus Arctos Gobiensis