Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангийн асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээлээ. Уг мэдэгдэлд эдийн засгийн гол хуулиуд болох Татварын багц хуулиуд, ЖДҮ-ийн хуулиудыг УИХ-аар яаралтай батлах болон цаг үеийн бусад асуудлаар УИХ-д шаардлага хүргүүлж буйгаа дурьджээ.
Ингэхдээ дээрх шаардлагуудыг үл биелүүлбэл өнөөг хүртэл татвараа хуулийн хугацаандаа, шударгаар төлж ирсэн бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхээс татгалзаж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй”.
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т ”Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэх “ үүрэгтэй мөн хуулийн 14.1-т “ Монгол Улсын иргэн үндэсний язгуур ашиг сонирхлоо дээдэлж, хуулиар тогтоосон үүргээ биелүүлэх, төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Татвар төлөгч ТА БҮХЭН Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн аливаа хууль бус уриалга, ятгалгад автахгүй, татвараа шударгаар төлөхийг уриалж байна.
Хууль бус уриалга гаргасан этгээдүүд та бүхний өмнөөс хууль зүйн хариуцлага хүлээхгүй бөгөөд хууль бус уриалгад автаж, хуулиар ногдуулсан татварыг төлөөгүй тохиолдолд хуульд заасан нөхөн татвар, хүү, торгууль, алдангиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг албан ёсоор мэдэгдэж байна.
МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН АЛБА