Монгол улсын 21 аймаг, нийслэлийг хамарсан төрийн албаны итгэмжлэх шалгалтыг зохион байгуулахаар ЗГХЭГ болон яамдын албан тушаалтнууд ойрын өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.
Харамсалтай нь, орон нутагт шалгалтаар явж байсан албан хаагчид өчигдөр орой зам тээврийн осолд орсон байна. ЗГХЭГ болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа Солонготын давааны ойролцоо осолджээ.
Ослын талаар тодруулахад, “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс 130 гаруй км, Солонготын давааны өвөрт өчигдөр орой 20.30 цагийн үед осол гарсан. Гурван эрэгтэй, нэг эмэгтэй нийт дөрвөн хүн Ланд крузер машинтай явж байсан. Гурван эрэгтэйн биеийн байдал гайгүй байгаа бол эмэгтэй нь ухаан ороогүй байна. Тэднийг нисдэг тэргээр авчрахаар болсон. Ослын урьдчилсан таамгаар бол гүүрний далангийн эрэг мөргөснөөс болж осолдсон” гэлээ.
Одоо Архангай аймгийн Цахиур суманд байгаа тэднийг нисдэг тэргээр Улаанбаатар хот уруу авчирна.