2001 оноос эхлэн зохиогдож ирсэн Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдаж байна. Энэ жил монгол улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жил, олимпийн наадмаас боксын төрөлд алтан медаль хүртсэний 10 жилийн тэгш ой давхар тохиож байна. Энэхүү ойд томоохон бэлэг барьж эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Мягмардуламын Нандинцэцэг Монгол улсын анхны медалийн эзэн боллоо.
М.Нандинцэцэг нь 54 кг-ийн жинд тоглож Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питеса нарыг ялж шөвгийн наймд тоглох эрхээ авсан юм. Харин Мароккогийн Зохра Захроутай тоглож, өрсөлдөгчөө 5:0-оор хожиж хүрэл медалийн болзол хангасан байна. Тэгвэл өчигдөр 54 кг-д М.Нандинцэцэг Болгарын Стойка Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдсан ч 5:0-аар ялагдал хүлээсэн байна.
М.Нандинцэцэг нь 2003 оноос эхлэн боксын спортоор хичээллэж байгаа бөгөөд “Инчон 2014” Азийн наадмаас хүрэл медаль, дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэнээс гадна улсын аваргад 11 удаа түрүүлсэн тамирчин билээ.