БНКазакстан улсын Жамбул мужийн Тарас хотод Динмухамед Кунаевын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өнгөрөгч амралтын өдүүдэд болж өнгөрлөө. Монгол улсыг төлөөлж МУГТ Б.Наранбаатарын удирдлаган дор МУГТ Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, спортын мастер Б.Далайбаяр нар барилдлаа.
Тэмцээний 86 кг-ийн жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгө, Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга ОУХМ Оргодолын Үйтүмэн алтан медалийн эзэн болж, Монгол Улсын төрийн далбааг Казакстаны тэнгэрт мандууллаа.
О.Үйтүмэн Тарасын дэвжээнд эзэн орны Нурдаулет Коктеубаев, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Азамат Даулетбеков, өсвөр үеийн дэлхийн болон залуучуудын Азийн аварга Эльхан Ассадов нарыг тус тус ялж тус тэмцээний хошой аварга боллоо. Тэрээр өмнө нь 2014 онд энэхүү тэмцээний аварга болж байсан юм.
Уламжлалт энэхүү тэмцээнд Казахстан, Монгол, ОХУ, Тажикистан, Беларусь, Кыргызстан, Узбекистан улсын 180 гаруй бөхчүүд, 10 жинд өрсөлдөв. Тэмцээний бусад жинд манайхаас медалийн тавцанд зогсож чадсангүй.