Монголчууд улс тунхагласны баяраа тэмдэглэж, бүх нийтээрээ амрав. Энэ өдрийг тохиолдуулах УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Гэвч энэ хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсонгүй. Яагаад вэ?
Бүх нийтээрээ тэмдэглэж байгаа энэ өдөр манай Ерөнхийлөгчид хамааралтай биш гэж үү. Уг нь бүх нийтийн арга хэмжээний үеэр төрийн гурван өндөрлөгийн эв нэгдлийг ард түмэн харж, баясдаг уламжлал бий. Гэхдээ хүсэхгүй хүний хүчлээд яах билээ. Харин Ерөнхийлөгчийн ирээгүй шалтгаан нь Тамгын газрын дарга З.Энхболдынхтой төстэй байсан болов уу гэж бодогдлоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ өдрийг ”Өнөөдөр Монгол улсаа тунхагласан өдөр биш. 2200 гаруй жилийн өмнө Монгол улсаа тунхагласан билээ. Харин Анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засаглалын хэлбэрт шилжээд 94 жил болжээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байгаа юм.
Тэгэхээр Ерөнхийлөгч болоод түүний нөхдийн хувьд Монголчуудын бүх нийтээрээ тэмдэглэдэг өдөр тийм ч ач холбогдолтой бус жирийн л 94 жилийн ойн өдөр байж таарлаа. Цаашлаад Улс тунхагласан баярын өдөр нь МАН-д хамаарал бүхий тэмдэглэлт өдөр учир АН-ынхан үүнд оролцохгүй, баярлахгүй гэж ойлгохоор байна. Харин тэд 12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүссэн. Энэ өдөр улсаа тунхагласан гэж үздэг юм.
Гэвч 2003 оноос арваннэгдүгээр сарын 26-ныг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан байдаг. Гэсэн ч энэ өдөр үнэхээр тусгаар тогтнолоо дахин сэргээсэн өдөр мөн үү гэдэг асуудал эрдэмтэн судлаачдын дунд өрнөсөөр байгаа.