Өчигдөр НИТХ хуралдаж нийслэлийн 2019 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Төсвийг танилцуулахдаа ирэх оны төсвийн төслийг боловсруулахад төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ирэх онд татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах бодлогыг баримталж ажилласан гэдгээ онцлов. Ирэх оны төсвийн орлогыг, татварын орлогоос 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөг, бусад орлогыг татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна. Харин төсвийн зарлагыг боловсруулахдаа 33.4 тэрбум төгрөгийг нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчуулах олговорт, 73.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн машин, цагийн тариф болон сэлгэн суултын зардалд, 7.7 тэрбум төгрөгийг 2018 оны өр төлбөрт олгохоор тусгажээ. Мөн Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний зардалд 81.3 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 1.9 тэрбум, бичил зээлийг дэмжих санд 4.3 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөсөн байна. Ирэх оны төсвөөс хот байгуулалтад 160.3 тэрбум, авто замын салбарт 40.2 тэрбум, нийтийн аж ахуйн салбарт 26.3 тэрбум, нийгмийн салбарт 18.8 тэрбум, нийтийн тээвэрт 4.7 тэрбум , төрийн үйлчилгээний салбарт 8.3 тэрбум, байгаль орчны салбарт 7.0 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Зарим онцлох ажлаас дурдвал, цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор Их тойрууд 110 кВ-ын дамжуулах шугам, 220/110 кВ-ын дэд станцын төсөл хэрэгжүүлэх ажээ. Мөн шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, гэрэлтүүлэг, камержуулалтын цөөнгүй ажил хийхээр төсвийн төсөлд тусгажээ.