ТОВЧЛОЛ
Авлигын гэмт хэрэг нь нийгэм болон эдийн засгийн байдлыг хүнд байдалд оруулаад зогсохгүй хувь хүний ухамсар, мөн чанарт нөлөөлөх замаар нийгмийг эмх цэгцгүй болгож, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд саад учруулдаг бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд төрийн болон хувь хүний хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг хэлэх нь зүйтэй.
1990 оноос Монгол Улс нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжиж, авлигын эсрэг дорвитой арга хэмжээ авахын тулд Авлигатай тэмцэх газрыг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл Монгол Улсын авлигын индекс өссөн дүнтэй, сөрөг үзүүлэлттэй байсаар байна.
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэл нь авлига, хээл хахууль өргөн тархаад байгаа Монгол Улс хөгжингүй улс орнуудтай адил хөгжин дэвшихийн тулд үүний шалтгаан ба бодит байдалд дүн шинжилгээ хийж, эрүүгийн хууль тогтоомжийн үзэл баримтлал цаашид баримтлах бодлогыг хэрхэн шинэчлэх талаар судлаачийн зүгээс санал дүгнэлтээ илэрхийлэхийг зорьсон болно.
Түлхүүр үг: Хээл хахууль, Хээл хахуулийн гэмт хэрэг, авлига, Монгол Улс дахь авлига, Монгол Улсын хээл хахуулийн гэмт хэрэг, Авлигатай тэмцэх газрын бодлого.
М.Гантулга* Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн дарга, Хууль зүйн ухааны доктор /Ph.D/
ОРШИЛ
Монгол Улс 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжих нийгмийн өөрчлөлтийг дагаж авлига ба хээл хахуулийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай болсон байна.
1980 оны сүүлээр ЗХУ-д гарсан задралтай холбоотойгоор Монгол Улсад шинэчлэлийн бодлого явагдаж, ардчилсан хөдөлгөөн өрнөж улмаар 1989 онд Монголын ардчилсан холбоо үүсгэн байгуулагдаж монополь тогтолцоог өөрчлөх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, чөлөөт сонгуулийн системд шилжих зэргээр хуучин нийгмийн тогтолцоог өөрчилсөн билээ.
Социалист тогтолцооны үед авлигын гэмт хэрэг ба хээл хахуулийн гэмт хэргийг илрүүлэх хууль эрх зүйн орчин төдийлөн сайн бүрдээгүй байсан бөгөөд чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш хэвлэн нийтлэх эрх чөлөө нээлттэй болж, хуулиар хамгаалагдснаар авлигын гэмт хэргийн шинжүүд олон нийтэд ил болж, илэрч эхлэх нөхцөл бүрдсэн байна.
Монгол Улс нь 2005 онд, Нэгдсэн үндэсний авлигын эсрэг конвенцид нэгдэж, 2006 онд Авлигийн эсрэг хууль баталж, 2007 онд Авлигатай тэмцэх газрыг байгуулан авлигын эсрэг тууштай арга хэмжээ авч байгаа боловч хээл хахууль нь хүмүүст өдөр тутмын хэвийн үзэгдэл мэт болон хувирчээ.
Дэлхийн Олон улсын байгууллага нь жил бүр дэлхийн улс орнуудын авлигын ил тод байдлын талаар судалж, улс тус бүрээр индекслэсэн байдлаас үзэхэд /авлигын үзүүлэлт, Corruption Perceptions Index/ 1999 онд Монгол Улс нь 100 гаруй улсаас 43-т байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоон үзүүлэлт өөрчлөгдсөөр байгаа билээ. Тухайлбал: 2012 онд 36 оноогоор 85, 2013 онд 38 оноогоор 99, 2014 онд 39 оноогоор 99, 2015 онд 39 оноогоор 176 орноос 72, 2016 онд 38 оноогоор 87-д жагссан нь авлигын үзүүлэлт өсөж, улмаар уг гэмт хэргийн нөхцөл байдал ноцтой болж байгааг харуулж байна.
Иймд Монгол Улсад хээл хахууль болон авлигын гэмт хэргийн тухай онцлог болон бодит байдлыг судалж, авлигын гэмт хэргийн үндэс ба түүнээс урьдчилан сэргийлэх ямар үр дүнтэй арга зам байгаа талаар судлаж, саналаа илэрхийлэхийг зорьлоо.
МОНГОЛ УЛС ДАХЬ ХЭЭЛ ХАХУУЛЬ БОЛОН АВЛИГЫН БОДИТ БАЙДАЛ
Хээл хахууль ба авлигын тухай ойлголт
Хээл хахууль гэдэг нь ерөнхийдөө албан тушаал болон эрх мэдэлтэй хүнийг хахуульдах, хувийн хэрэгцээндээ ашиглах зориулалтаар өгч байгаа мөнгө эсвэл эд бараа гэх мэтийг ойлгох бөгөөд, Солонгос Улсын эрүүгийн эрх зүйн онол болон шүүхийн шийдвэрээс харахад хээл хахууль нь “албан тушаалтай холбогдуулан хууль бус шан харамжаар хүний хэрэгцээ болон санаа сэтгэлийг дүүргэж чадахуйц тодорхой төрлийн материаллаг ба материаллаг бус орлого” гэж заасан байна.
Түүнчлэн, хүлээн авагчийн санхүү, хууль эрх зүйн, хувь хүний байр сууринд ашигтайгаар нөлөөлдөг материаллаг орлогыг хээл хахуульд тооцдог бөгөөд түүнээс гадна эд хөрөнгийн орлогыг ч бас хамааруулна.
Монгол Улсад авлига нь мөн дээрх хэлбэрээр илэрдэг ба мөнгөн хэлбэр мэтийн онцгойлон нэмүү өртөгтэй аливаа хүний шаардлагыг хангаж чадахуйц материаллаг хэлбэр болон ямар нэг үйлчилгээ, гэр бүл ба төрөл садантай холбоотой материаллаг бус хөнгөлөлт гэх мэтийн хэлбэрүүд бүгд хамаарна.
Монгол хэлний тайлбар толь бичгээс үзэхэд “авилгал[1]” гэсэн үг байхгүй бөгөөд харин “Авлига” гэсэн үгийг “ёсон бусаар шунаж авсан эд юм” хэмээх тайлбарласан байдаг.
Харин 2006 онд батлагдсан Монгол Улсын “Авлигын эсрэг хууль”-д “Авлига” гэдгийг төрийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхгүйгээр илрэх эрх зүйн зөрчлийн тухай ойлголтыг тодорхойлсон байдаг[2].
Авлигын гэмт хэрэг нь албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашигласанаас үүсэх эрүүгийн хуулин дахь хүнд гэмт хэрэг юм. Авлига гэдэг нь олон улсын хэллэгээр “Corruption[3]” гэх нийтлэг үгээр илэрхийлэгддэг бөгөөд өөрөөр хэлбэл хээл хахуулийн гэмт хэрэг нь төрийн албан хаагчийн хээл хахуультай холбоотой гэмт хэрэгт хязгаарлагдаж байгаа гэж хэлж болох ба авлига нь төрийн албан хаагч төдийгүй хувийн хэвшлийн салбар дахь хууль бус үйлдлийг хамруулдаг харилцан өөр ойлголт гэж хэлж болно.
Солонгос Улсад авлигын гэмт хэргийг эрүүгийн хуулийн бүрэлдэхүүнээс хамаараад “төрийн албан хаагч болон эвлэрүүлэгч нь албан тушаалаа ашигласаны төлбөрт ашиг хонжоо хүртэх эсвэл төрийн албан хаагч болон эвлэрүүлэгчид ашиг хонжоо өгөхийг гэмт хэрэг“ гэж үзэхээр заажээ. Эвлэрүүлэх үйлдэл авлига өгөх, авлига хүлээн авсантай адилтган үзэхгүй бөгөөд харин холбож өгөх, зуучлах үүрэгтэй ба өдөөн хатгах, ятгах болон туслах мөн чанартай бие даасан гэмт хэрэг болно.
Түүнчлэн, хандив авсан авлига өгч буй хүн ба хүлээн авагчийн хүсэлтээр төрийн албан хаагчийн үүргийг биелүүлэхгүй байх эсвэл үүрэгт нь хамааралгүй ажлыг хийхэд эвлэрүүлэгчийн оролцоо мөн хамаарна.
Монгол Улсын Эрүүгийн хуулинд заасан авлигын гэмт хэргийн талаар Г.Совд[4] нь “Авилгалын гэмт хэрэг нь төрийн албан хаагчийн хувиар хууль тогтоомжоор хориглосон үйлдлийг ойлгох бөгөөд, төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэг ба хамтарсан болон зохион байгуулалттай эсвэл өдөөн хатгах, ятгах олон хэлбэрийн үйлдлээр үйлдэгддэг гэмт хэргийг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Монгол Улсад “хээл хахууль” нь төрийн албан хаагчид олгогдсон эрх мэдэл болон албан тушаалыг хэтрүүлэн хууль бусаар хувийн ашиг сонирхолын төлөө албан тушаалаар эрх мэдлээ хэтрүүлж үүргээсээ татгалзах эсвэл хориглосон үйлдлийг хийж буй хууль бус үйлдлийг хэлнэ. Төрийн албан хаагчид амлалт өгөх, санал болгох, хүлээн авсан материаллаг болон материаллаг бус ашиг хонжооноос үүдэн төрийн албан хаагчийн албан тушаалд нөлөөлснөөр тэдгээрийн хариуцлагыг алдагдуулж, нийгэм, ард иргэдээс итгэх итгэлийг бууруулдаг байна.
Авлигын гэмт хэрэг нь үл ялих жижиг зүйлээс эхлээд нийгэм ба төр улсад томоохон сөрөг нөлөөг үзүүлж байдаг бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн нийгэм дэх аюултай байдал нь төрийн албан хаагчийн албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн төрийн албаны нэр хүндийг хууль бусаар ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр, өөрийнхөө эрх мэдлийг арилжааны объект болгон хувиргаж байгаад оршино.
Нөгөө талаас, Авлига нь хээль хахууль[5] өгч байгаа хүнийг ашиг орлогоор хангахын тулд албан тушаалын эрх мэдлийн үүргийг гүйцэтгэхгүй байх эсвэл төрийн албан хаагч нь шууд болон гуравдагч этгээдээр дамжуулан хээл хахууль авч материаллаг ба материаллаг бус орлого олж авч буй өөрийн мэдсэн идэвхитэй үйлдэл ба хийх ёстой ажлаа мэдсэн боловч хийгээгүй үйлдлийг ойлгох юм.
2. Хээл хахууль ба авлигын өнөөгийн байдал
2.1 Монгол улсын авлигын онцлог
Эрт үед Монгол улсад хээл хахууль нь төрийн харилцаанд ёс заншил болон тогтож, уг заншил хамгийн ихээр дэлгэрсэн үе нь 15-р зуунаас 19-р зууны эхэн үе бөгөөд энэ үед нь ард иргэд нь баяр ёслол, зэрэг дэв авах эсвэл бусад ажлаа бүтээхийн тулд ямар нэг байдлаар гар цайлгах мөнгө, эд зүйл өгдөг байсан ч хээл хахууль гэж тооцож байсангүй.
Тэр нь идэх хоол, хүнс түүнчлэн ялимгүй зүйлээс эхлээд их хэмжээний үнэ бүхий ембүү, мөнгө, эд зүйлүүдийг хээл хахуульд өгч авалцан шашны цол, хэргэм, төрийн албан тушаал, эрх мэдэл байр суурийг мөнгөөр худалддаг байсан нь ердийн үзэгдэл мэт байжээ.
1990-ээд он хүртэлх хугацаанд төрийн ил тод байдал байхгүй байсан учраас авлигын тухай асуудал барагтай л хэлэлцэгдэхгүй, зөвхөн тодорхой хүрээнд нууцлагдмал байжээ. Энэ үед ард иргэд нь хувийн өмч хөрөнгөгүй шахуу, эд хөрөнгийн эрх мэдэл эдэлдэггүй байсан учраас санхүүгийн хувьд ашиг сонирхолын зөрчилдөөнгүй, түүнчлэн нийгмийн хэв журам ба социалист үзэлтнүүдийн ёс суртахууны зарчим, үнэ цэнэ, нэг намын ноёрхолыг оршин тогтнохыг зөвшөөрдөг нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэн гарах нөхцөл бүрддэггүй байсан байна.
Түүнчлэн улс төрд авлигын тухай ойлголт ил гарч байсангүй. Үнэндээ төрийн дээд давхаргад хувийн ашиг сонирхолын төлөө нийгэм дэх байр суурь ба эрх мэдлийг хэтрүүлэх зэргээр авлига нь хязгаарлагдмал хүрээнд тархаж байсан бөгөөд хэвлэн нийтлэх эрх чөлөөгүй байсан учраас нийгэм, иргэдийн дунд авлигын тухай ойлголт түүний талаарх мэдээлэлгүй байснаас энэ талаар мэдэж чаддаггүй байсан юм.
Монгол Улс дахь авлига нь улс төр, зах зээлийн эдийн засгийн өөрчлөлт, ардчилсан чөлөөт үзэл, хувийн хэвшил бий болж эдгээрээс үүдэн гарсан нийгмийн харилцааны өөрчлөлт болон түүхийн тодорхой үе шатуудад авлигын төрөл, түүний шинжүүд, төр, нийгэм, соёлын харилцаанд хэвшин тогтож уламжлагдан ирсэн нь нийгмийн тодорхой харилцаанд одоо ч илэрсээр байна.
Монгол Улсад ялангуяа төр, нийгмийн халамж үйлчилгээ, улс төрийн сонгууль, улс төрч, бизнес эрхлэгчийн хоорондын харилцаанд авлигын талаар ихээр яригддаг байна[6]. Орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллага, хувийн хэвшлийн дунд тендер, зөвшөөрөл, газар эзэмших эрх авахад авлигын нь ноцтой илэрдэг хүрээ бөгөөд мөн төрийн дунд шатны байгууллагуудын дунд авлига нь өргөнөөр илрэн гарч байдаг[7].
Үүнээс гадна гааль, татвар, шүүх, цагдаа, боловсрол болон эрүүл мэндийн байгууллага гэх зэрэг газруудыг авлигалд ихээр өртдөг гэх ойлголт түгээмэл байдаг байна.
Дээрх байгууллагад ажилладаг хүмүүсийг хээл хахууль авч зөвшөөрөл олгох, хээл хахууль өгч сургуульд элсэж орох, эмнэлэгт хэвтэх ор гаргуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч хээл хахууль өгөхийг шаардах гэх мэтээр өдөр тутмын бүхий л харилцаанд авлига түгээмэл байгааг олон нийтийн дунд явуулсан судалгааны үр дүнгээс харж болохоор байна.
Монгол Улс нь газар нутгийн хэмжээгээр өргөн боловч хүн амын тоогоор харьцангуй бага, гэр бүл, хамаатан садан, нутаг усны холбоо харилцаанд үнэнч байх үзэл бодол төдийгүй иргэд хоорондоо ямар нэг байдлаар уялдаа холбоотой амьдарч ирсэн нь эсрэгээрээ энэ үзэгдэл авлигатай тэмцэх, илэрүүлэхэд саад учруулдаг байна.
Мөн тэмдэглэлт баяр, ёслол, албан тушаал дэвших, шагнал, урамшил авах, зэрэг өдөр тутмын харилцаанд ч төрөл садан болон найз нөхөд, танилууд хоорондоо бэлэг, эд зүйл, мөнгө өгч авалцдаг уламжлалыг нэгэн төрлийн соёл, уламжлалт ёс хэмээн үздэг ойлголт нь ч байсаар байна.
Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийн жишгээс харахад авлигын гэмт хэргийг шийдвэрлэхдээ харилцан адилгүй өөр өөр жишиг тогтоож байгаа нь энэ гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх, гэм бурууг тогтооход, улмаар урьдчилан сэргийлэхэд ихээхэн хүндрэлтэй байдлыг бий болгож байна.
Эцэст нь хээл хахууль ба авлигын гэмт хэрэг, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэл, бэлэг, сэлтийн талаар тодорхой оновчтой ойлголтыг тогтоож өгөх нь авлигатай тэмцэх үйл ажиллагааны нэн түрүүнд шаардлагатай анхаарвал зохих асуудал болж байна.
2.2. Авлигын тухай ойлголт ба шалтгаан
Монгол Улсын иргэдийн дийлэнх нь авлига нь бүх нийтээрээ тархсан нийгэмд ердийн хэвийн үзэгдэл гэсэн ойлголттой байна. Улс төрийн тогтолцоог өөрчилж, ардчилсан нийгмийг байгуулсан хэдий ч хээл хахууль авлигатай тэмцэх тогтолцоог бий болгон суурьшуулж чадахгүй байгаа нь бодит байдал юм.
Монгол Улсад авлигатай тэмцэх асуудал нь нийгмийн нэн чухал асуудал болж, 2007 онд Авлигатай тэмцэх газрыг албан ёсоор байгуулсан боловч, үүнээс хойшхи хугацаанд авлигын үзүүлэлт нь эсрэгээр нэмэгдэж, урьдын адил маш ноцтой үзүүлэлтийг харуулж байна.
Монгол Улсын авлигын хүчин зүйлийг авч үзвэл 2001 оны Монгол Улсын Хуульч эмэгтэйчүүдийн холбооноос авлигын талаар хийсэн судалгааны дүнг үндэслэн нөлөөлж буй элементүүдээр нь авч үзвэл[8]
1. Иргэдийн амьжиргааны түвшин доогуур,
2. Төрийн хяналт шалгалт сул,
3. Төрийн байгууллагын хүнд суртал,
4. Эрх мэдлийг төвлөрүүлэх,
5. Хууль эрх зүйн орчин хангалтгүй,
6. Төрийн албан хаагчийн хариуцлага дутмаг,
7. Ёс зүйн ухамсар алдагдсан,
8. Хувьчлалын тухай буруу ойлголт,
9. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт,нийгмийн эмх замбараагүй, түгшүүртэй байдал
10. Гадны нөлөөлөл гэх мэт төрлүүдийг дурьдсан байна.
Мөн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой мэдээллээс үзвэл,[9]
1. Төрийн албан хаагчдын цалин хөлс хангалтгүй,
2. Төрийн албан хаагчдын ёс суртахуунгүй байдал ба төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээдэггүй,
3. Улс төрчид нь хээл хахуулаас урьдчилан сэргийлэх ойлголт дутмаг, хүсэл эрмэлзлэлгүй,
5. Төрийн байгууллагын хүнд сурталт тогтолцоо,
6. Хууль, тогтоомжийн зохицуулалт хангалтгүй,
7. Бэлэг, сэлт өгч, авдаг зуршлыг хэвшил болгосон зэрэг шалтгааны улмаас асуудлыг хурдан шийдвэрлэхийн тулд төрийн албан хаагчдад авлига өгөх нь түгээмэл болсон байна[10].
Нөгөө талаар улс төрчид, засгийн газар, шүүх, хуулийн байгууллагын ажилтнууд, иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь авлигын талаар тогтсон нэг мөр ойлголтгүй, түүнтэй тэмцэх сонирхол бага байдагтай холбоотой бөгөөд хууль зүйн болон ёс зүйн хариуцлага хүлээдэггүй байдал нь хээл хахуулийг хөхүүлэн дэмжиж байна гэж хэлж болохоор байна.
Улсын их хуралд олонхийн суудал авсан нам, хүчний улс төрчид нь авлигыг орлогын эх үүсвэрээ болгодог учраас хээл хахуулийг таслан зогсоох эрмэлзлэлгүй, хууль хяналтын байгууллагын тогтолцоо нь авлигатай тэмцэх нөхцөл бүрдээгүй зэрэг байдал нь бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулахдаа мөн адил хээл хахууль өгч засгийн газраас дэмжлэг, хууль бус ашиг хонжоо олох сонирхолтой байдаг бөгөөд тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газрын гишүүд дэмжлэг, туслалцаа үзүүлдэг болсон нь нууц биш юм.
Түүнчлэн Монгол Улс нь элит бүлгийн гэж нэрлэх болсон бизнес эрхлэгчид болон төрийн өндөр албан тушаалтан, улс төрчдийн дундах авлигын асуудалд хариуцлага хүлээлгэхгүй, хэвийн байдаг зүйл мэтээр даамжруулж байна .
Авилга нь зөвхөн ядуу, буурай улс оронд гардаг бус, харин хөгжиж буй улс орнуудад гарах боломж нь илүү өндөр байдаг[11].
Авлигын гэмт хэрэг гарахад дараах шалтгаанууд нөлөөлдөг гэж үзэж болохоор байна. Тухайлбал:
Төр, захиргааны байгууллагын хүнд суртал, олон шат дамжлага,
Төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй бус байдал,
Тодорхой бус хууль, тогтоомж, дүрэм, журам,
Ядуурал, цалин хөлс бага, амьжиргааны өртөг өндөр,
Төрийн алба хаагчийн ёс зүйн доройтол,
Шийдвэр гаргах түвшинд албан тушаалтны хувийн ашиг сонирхолын үүднээс нөлөөлөх орон зай их байгаа зэргийг нэрлэж болно.
Авлигын гэмт хэргийн илрэх хэлбэр нь олон янз байдаг. Үүнд:
Хээл хахууль нь Авлигын хамгийн хүнд хэлбэр болдог бөгөөд хээл хахууль гэдэг бол бэлэн мөнгө, тодорхой үнэ шингэсэн хүний хэрэгцээ хангахуйц материаллаг болон материаллаг бус эд зүйлс байдаг. Мөн үнэ төлбөргүй үйлчилгээнд хамрагдах, гэр бүл болон ойр дотныхондоо хөнгөлөлт үзүүлэх зэрэг эдийн бус хэлбэртэй байдаг.
Шан харамж нь төрийн албан хаагчийг хийх ёстой ажлаа хийснийх нь төлөө өгсөн урамшуулал, бэлэг сэлт юм.
Шахалт дарамт үзүүлэх нь төрийн эрх бүхий албан тушаалтангууд өөрийн эрх мэдлээ хууль бусаар ашиглан бусдыг хясан боогдуулах, эсхүл айлган сүрдүүлж хахууль авах юм.
Найз нөхөд, дотны хүмүүсээ албан тушаалд томилуулах, томилох.
Энэ нь мэргэжлийн ур чадваргүй хүмүүс төрийн албанд орох, төрийн албаны нэр хүндийг унагаах аюултай байдаг.
Бэлэг авах. Төрийн албан хаагчийн тухайд эрхэлсэн албан тушаалын байдалтай холбогдуулан ёслолын болон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хэн нэгнээс хүндэтгэж талархсныхаа илэрхийлэл болгон бэлэг, дурсгалын зүйлийг авахыг хуулиар хориглоогүй. Харин өгсөн бэлэгний үнийн дүн нь цалингийнх нь хэмжээнээс хэтэрч байвал зөрүүг нь төлөөд хувьдаа авах эсвэл албан байгууллагадаа хүлээлгэн өгөх талаар хуульд тусгасан байдаг боловч хэт өндөр үнэтэй бэлэг сэлтийг авах тохиолдол байсаар байна.
Сонгуулийн авлига нь сонгогчдод мөнгө, эд зүйл өгөх, үйлчилгээ үзүүлэх, сонгуульд ялсныхаа дараа өөрийн багт хамтран ажилласан хүмүүстээ албан тушаал амлах, томилуулах зэргээр илэрнэ.
Төрийн эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглах,
Бичиг баримт хуурамчаар үйлдэх,
Хууль бусаар орлого олох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвараас зайлсхийх гэх мэт хэлбэрүүдээр илэрч болно.
Авлигыг голдуу далд хэлбэрээр хуйвалдан үйлддэг ба Монгол улсын Эрүүгийн хуульд авлига авсан, өгсөн, зуучилсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг[12].
Авилга өгсөн, авсан хүмүүс нэг нь нөгөөгийнхөө эсрэг тэр бүр өргөдөл, гомдол гаргадаггүй бөгөөд аль нэг тал нь албан тушаалын байдлаа ашиглаад ашиг олсон, нөгөө тал нь авилга өгч өөрийн ажил хэргийг шийдвэрлүүлсэн байдагтай холбоотой байна.
Авлига нь нийгэм эдийн засаг, улс төр, хууль зүй, оюун санааны хүрээнд нийгмийг бүхэлд нь хордуулдаг зүйл юм.
1.3 Авлигын илэрч буй байдал
Хуулиар хээл хахууль авах, өгөх, зуучлах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан нь бусад орны эрүүгийн хуулийн зохицуулалтаас онцын ялгаа байхгүй бөгөөд хээл хахуулийн гэмт хэргийг зохицуулсан эрүүгийн эрх зүйн ойлголт, хуулийн заалтад өнгөрсөн болон одоо үйлчилж байгаа хууль тогтоомжид зарчмын өөрчлөлт байхгүй боловч тухайн хэргийг үйлдэх арга хэлбэр, төрөл нь нэмэгдэж, илрэх хэлбэрээрээ өөрчлөгдөн, учруулах хохирол нь өсөн нэмэгдсээр байна.
Монгол Улсад хээл хахууль болон авлигын гэмт хэрэг олон төрлөөр илэрч байгаа бөгөөд дараах байдлаар ангилж болно[13]. Үүнд:
Нэгдүгээрт, Жижиг буюу бага хэмжээний авлига болох төрийн дунд шатны албан хаагчын авлига. /Petty Corruption[14]/ Ихэвчлэн зориудаар, илрүүлж баривчлахад харьцангуй амархан, төрийн албан хаагч нараас голчлон илэрдэг төдийгүй хээл хахуулийн мөнгөн дүн нь бусад салбаруудтай харьцуулахад бага байдгаараа онцлогтой байна.
Дийлэнх нь төрийн албан хаагч нараас бусдад мөнгө зээлэхтэй холбогдуулан банкны зээлийн өр төлбөрийг хүчингүй болгох, согтууруулах ундааны хууль бус арилжаа наймаа, нууцаар хил давуулсан автомашинтай холбогдуулан гаалийн албан татварын төрийн албан хаагчыг хэрэгт татан оролцуулах гэх мэт давтагдаж байна. Нөгөө талаар, “шан харамж[15]”гэж нэрлэгдээд байгаа баярласан сэтгэлээ илэрхийлсэн жирийн иргэн төрийн албан хаагчид өгдөг мөнгөн хэлбэрээр өдөр дутмын амьдралд илэрч байдаг, хийх ёстой ажлын хүрээнд гүйцэтгэсэн ажлын төлөө шан харамж авах, хийх шаардлагагүй албан ажлыг оронд нь хийж гүйцэтгэсэн гэж талархалаа илэрхийлэл болгож авдаг ч тохиолдол байна.
Мөн төрийн албан хаагч нар нь эрх мэдлээ хууль бусаар хэтрүүлэн бусдыг сүрдүүлэх түүнчлэн заналхийлсэний дараа хээл хахууль авдаг “шахалт дарамт үзүүлэх” байдлаар илэрдэг байна. Бусдаар, улсын хөрөнгийг хувьдаа ашиглах, бичиг баримт хуурамчаар үйлдэх, төрийн албан хаагчийн эрх мэдлийг хэтрүүлэн бусдад ашигтай байдлаар давуу эрх олгох тохиолдол нь давтагддаг гэж хэлж болно.
Хоёрдугаарт, Их хэмжээний авлига болох эрх мэдэлтний давхаргын улс төрийн салбар дахь авлига /Grand Corruption/ юм[16]. Энэ нь Засгийн газар ба Олон Улсын байгууллагын тусгай өндөр албан тушаалтан том аж ахуйн нэгжүүд /компани, корпораци/-ийн хооронд ихээхэн ашиг орлого олох боломжтой бизнесийг хууль бус лоббигоор дамжуулан нууцаар удирдах зорилготойгоор үүсдэг байна. Үүнд: хувьцаа, хөрөнгө оруулалт, онцгой эрх гэх мэт багтдаг бөгөөд хээл хахууль авч тэдгээрийн эрх мэдлээр онцгой эрх зөвшөөрлийг өгснөөр, хууль бус орлогыг эдийн засагт оруулж мөнгө угаах ажиллагаа давхар явагддаг байна.
Түүнчлэн, аж ахуйн нэгж нь бизнесийн хүрээгээ өргөтгөх, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд улс төрийн нам буюу удирдагч нарт авлига өгдөг нь хэвшсэн ёс болоод байгаа энэхүү байдал нь түр зуурынх биш харьцангуй урт хугацааны үргэлжилсэн үйлдэлтэй байдгаараа онцлог юм.
“Сонгуулийн авлига”[17] гэж сонгуульд ялах зорилгоор сонгогчдод материаллаг эд зүйлээр хээл хахууль өгөх эсвэл сонгуульд ялсаны дараа хөрөнгө оруулагч, зөвлөгч нарт онцгой албан тушаал амлах зэрэг нь үүнд хамаарна.
Гуравдугаарт, Шүүх байгууллагын авлига. Монгол Улс 1992 онд шинээр батлагдсан Үндсэн хуулинд тусгаар тогтносон, шудрага шүүх байгууллагаар дамжуулан социалист нийгмийн үеийн байдлаас бүтэц, зохион байгуулалтыг өөрөөр тогтоосон билээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлээс 51 дүгээр зүйл хүртэлх заалтыг авч үзвэл “Шүүхийн байгууллагын тусгаар тогтнол, бие даасан байдал, хуулийн ноёрхол, хэн ч байсан шүүх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй гэж хуульчилсан байна”[18].
Харин энэхүү шүүх байгууллагын тогтолцооны шинэчлэлээс үл хамааран хуучин нийгмийн үеийн хандлага, зарчмаар шийдвэр гаргадаг шүүгч нар одоог хүртэл байхыг үгүйсгэхгүйгээс гадна тэдгээрийн нарын цалин хөлс бага байсан нь хээл хахуульд өртөхөөс аргагүй байдалд хүргэх магадлал өндөр байсныг хэлэх нь зүйтэй юм.
Түүнчлэн Цагдаагийн байгууллага нь авлигад хамгийн ихээр өртдөг болох нь судалгааны дүнгээс харагддаг байна. Учир нь цагдаагийн албан хаагч нь хээл хахууль авч хэргийг мөрдөн шалгахгүй байх, эсхүл мөрдөн шалгахдаа хэрэг нь өөрийнх хүсэл зоригын дагуу шийдвэрлэснийхээ хариуд талархал болгож буюу албан үүргээ гүйцэтгэсэнийнхээ хариуд болон хийж гүйцэтгээгүйнхээ төлөө талархал болгож мөнгөн шан харамж өгөхийг шаарддаг ойлголт нь хэвийн үзэгдэл болсон байна.
Дөрөвдүгээрт, Хэвлэл мэдээллийн авлига. Монгол Улсын “Үндсэн хууль”-ийн 16 дугаар зүйлд[19] хэвлэл мэдээллийн, хэвлэх, нийтлэх эрх чөлөөг хамгаалахаар хуульчилсан боловч бодит байдал нь Үндэсний радио, телевиз нь урьдын адил засгийн газрын хяналтанд байдаг, үндэсний радио телевиз улсаас санхүүжилт авдаг бөгөөд хариуцлага хүлээх хүний томилгоонд Засгийн газар оролцдог нь хэвлэл мэдээллийн авлига нь тархах нөхцлийг бүрдүүлж байна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА, ТӨЛӨВЛӨГӨӨ
Дэлхийн олон улс бүр авлигыг багасгахын тулд цалингийн шатлалыг амьдралын өртөгтэй уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч улсаас зохицуулалт хийж, авлигын гэмт хэргийг төрийн албан хаагчид үйлдсэн тохиолдолд ялыг чангаруулдаг, нөгөө талаар авлигад хялбар өртөж болохуйц албан тушаал /гааль, татварын байцаагч гэх мэт/ төрийн албан хаагчыг хооронд сэлгэн ажиллуулж, ёс суртахууны зарчим, журмыг сахиулахад анхаарч боломжит сургалтыг явуулж, захиргааны хэм хэмжээг товч тодорхой болгох, төрөөс хэрэгжүүлж байгаа үйлчилгээний талаар дэлгэрэнгүй ойлгомжтой иргэдэд сурталчилах, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх үр ашигтай арга замыг хэрэгжүүлэх, үүнийг онцгойлон зохицуулах бие даасан тусгай байгууллагыг байгуулах эсвэл төрийн албан хаагч нарын хөрөнгө орлогын байдлыг тодорхой хугацаанд гаргуулдаг гэх мэтийн олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлдэг байна[20].
Нөгөө талаар Монгол Улс авлигаас урьдчилан сэргийлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж болохоор байна[21].
Эдийн засгийн үйл ажиллагаанд Засгийн газрын оролцоог багасгах,
Монопольчлолыг эсрэг арга хэмжээ авч, өрсөлдөөнийг дэмжих,
Төрийн албан хаагчийг ажилд томилохдоо ёс зүй, үнэнч шудрага байдал, занг чанарыг илүүтэй харгалзан үзэх,
Хээл хахуулийн гэмт хэрэг гарч болох орчин нөхцөл, боломжийг бий болгохгүй байх зорилгоор хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр хуульчлах,
Төрийн санхүүгийн хяналт, шалгалтыг/аудит/ сайжруулж гаргасан зөрчил нэг бүрийг нэн даруй илрүүлэх, мөн гадаад улсын иргэдээс төрийн албан хаагч нарт авлига өгөх тохиолдол гардаг учраас гадаадын санхүүгийн хяналтын байгууллагатай мэдээлэл солилцож, харилцан туршлага хуваалцах,
Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахдаа илүү ойрхон харилцаж, хамтын ажиллагааг сайжруулах,
Төрийн байгууллагуудын дотоод хяналт шалгалт үр дүнг шалгаж, дүгнэлт хийж байх,
Хээл хахуулийн гэмт хэргийг шалгадаг болон хяналтын байгууллагын /аудит, прокурор/-ын үйл ажиллагааны чадварыг сайжруулах,
Монгол Улсын авлигын эсрэг байгууллагын үйл ажиллагааны чадварыг сайжруулах, төрийн байгууллагын дотоод хяналт, шалгалтын байгууллагатай харилцан хамтын ажиллагаатай байх,
Хуулийн хүчин төгөлдөр байдал, хэрэгжилтийг хангах ажлыг сайжруулахад анхаарах,
Прокурор, Аудитын байгууллага, Цагдаагий ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар хоорондын хамтын ажиллагааны мэдээллийн системийг үүсгэн байгуулах,
Хээл хахуультай холбоотой мэдээллэгчид мөнгөн шагналыг олгодог, нөгөө талаар мэдээлэл өгөгч талын аюулгүй байдлыг хамгаалахын тулд нууцыг сахих тогтолцоо шаардлагатай.
Мөн түүнчлэн, дээрхитэй адил ерөнхий аргуудаас гадна эрүүгийн хууль ба эрүүгийн эрх зүйн бодлого талаас голчлон шинэчлэх арга төлөвлөгөөг судалж үзэх хэрэгтэй байна.
3.1 Эрүүгийн хууль дахь үзэл баримтлалыг шинэчлэх арга ,төлөвлөгөө
1. Авлигын талаарх ойлголтыг тодорхой болгох
Хээл хахуулийн гэмт хэргийн объект нь “хээл хахууль” юм. 1926 оноос хойш хээл хахуулийн гэмт хэргийг эрүүгийн хуулинд хуульчилж оруулсан боловч, хээл хахууль гэдэг ойлголтод юуг хамруулах тухайд одоог хүртэл Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан албан ёсны тайлбар байхгүй байна.
Дээд шүүхийн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн жишгүүдийг харахад объектив шинж, гаднах байдлаараа ижил төстэй хэргийг шүүгч өөрийн хувийн бодол, дотоод итгэл гэсэн байр сууринаас шийдвэр гаргадаг тохиолдол гарсаар байгаа юм.
Энэ талаар эрдэмтэн, судлаачид олон янзаар тайлбарлаж ирсэн бөгөөд судлаач, профессор Г.Совд “Хээл хахуулинд эд бараа, бэлэн мөнгө, тэжээвэр амьтан, үл хөдлөх хөрөнгө гэх мэт эд хөрөнгө, эд баялагын шинжтэй материаллаг зүйлээр тайлбарлах нь зөв” гэж[22] үзээд материаллаг зүйлд хязгаарлагддаг ойлголтуудыг дурьдсан ба судлаач, профессор С.Нарангэрэл “Хээл хахууль нь энгийнээр эд хөрөнгийн хууль бус орлого” гэж тодорхойлсон[23] ба материаллаг бус зүйлийг хүртэл хамруулж ойлгохоор үзсэн байна.
Материаллаг бус орлого бол шууд утгаараа үнэ цэнэ нь хээл хахууль авагчид шилжихдээ санхүүгийн хувьд үр ашиг өгөх байдлаар илэрч байгааг хэлнэ. Үүнд: ихэвчлэн төлбөртэй боловч их хэмжээний хямдрал, үнэгүй үйлчилгээ үзүүлэх ойлголтууд хамаардаг. Жишээ нь: орон сууц худалдаж авах хямдрал, үнэгүй засвар, түрээслэх үйлчилгээ гэх мэт хамаарна.
Харин одоог хүртэл Монгол Улсын Дээд шүүх нь материаллаг бус орлогын талаар хээл хахуулийн гэмт хэргээр зүйлчилсэн шүүхийн шийдвэр, жишиг байхгүй шалтгаан нь энэ төрлийн хээл хахуулыг Монгол Улсын хууль хэрэгжүүлэх байгууллага, болон шүүх нь дээрх ашиг орлогыг хээл хахууль гэж үздэггүйтэй холбоотой болно.
Харин, хээл хахуулийн гэмт хэргийн хууль ёсны орлогын талаар мөн үүнтэй адил төстэй нийгэмд шудрага бус нөлөөллийг харьцуулахад хээл хахуулийн гэмт хэргийн хүрээнээс материаллаг бус орлогыг хасах нь зохисгүй бөгөөд харьцуулан үзвэл “хээл хахууль” гэдэг нь “материаллаг болон материаллаг бус орлого” гэж үзэх тохиромжтой бөгөөд хээл хахуулийн хүрээ нь бэлэн мөнгө, эд хөрөнгө гэх мэт бодит, биет материаллаг зүйл төдийгүй эдийн засаг, хөрөнгө санхүүгийн байдлыг дээрдүүлсэн бүхий л ашиг, орлого буюу сервис үйлчилгээ гэх мэт бодит бус материаллаг үзүүлэлтүүдийг хүрээг томруулан шалгаж, шийдвэрлэх хэрэгтэй байна.
Монгол Улсын Дээд шүүх нь Иргэний хууль, эрүүгийн хууль гэх мэт холбогдох хууль тогтоомжинд бүрэн ойлгомжтой хуулийн тайлбар хийж хээл хахуулийн гэмт хэргийн хүрээг өргөн болгох нь зүйтэй байна.
Нөгөө талаар эрүүгийн гэмт хэрэг, зөрчлийн хэргийг ялгаж зүйлчлэхгүй, хээл хахуулийг эрүүгийн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчлийн хуулиас ялгаж тодорхойлох шаардлагатай тул ойлгомжтой, тодорхой тайлбар хэрэгтэй байна.
Талархлаа илэрхийлсэн үйлдэл болох бага хэмжээний бэлэг өгөх, авах хээл хахуулийн гэмт хэргийн ялгаа, ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл, “онц их хэмжээний мөнгөн дүнтэй авлигыг тодорхойлсон тайлбар гаргахаас гадна хууль тогтоохдоо анхаарах хэрэгтэй байна.
2.Эрүүгийн хууль дахь субъектийн хүрээг өргөсгөх
Монгол Улсын эрүүгийн хуульд БНСУ-ын Эрүүгийн хуулинд зүйлчилсэнтэй адил хээл хахууль хүлээн авсан этгээдийн субъектийг “төрийн албан хаагч” гэж хуульчилсан байна[24].
Энэ нь төрийн албан хаагч төрийн өндөр албан тушаал, хэрэгжүүлэгч төрийн албан тушаалтан хамаарагдаж байгаа боловч, энэ хамрагдах хүрээнд улсын төсвөөс цалинждаг төрийн үйлчилгээний ажилтан, мөн түүнчлэн улсын эмнэлгийн эмч, багш, дотуур байрны харуул хамгаалалтын ажилтан гэх мэт албан тушаалыг хамруулах эсэх талаар тодорхой дурьдаагүй, үүнийг тайлбарласан хуулийн албан ёсны тайлбар байхгүй, бодит хэрэг дээр зүйлчлэхэд асуудал гарч байгааг үгүйсгэхгүй бөгөөд “төрийн албан хаагч[25]” гэж хязгаарлах нь зохистой эсэх талаар маргаантай байна.
Хээл хахууль өгөх, хээл хахууль хүлээн авагч 2 талын ашиг орлогын төлөө бусдын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа төдийгүй, харьцуулсан эрх зүй талаас харвал хээл хахуулийн гэмт хэргийн субъектийг энгийн байгалийн хүн болоод төрийн албан хаагч гэж хязгаарлаагүйг харгалзан үзвэл субьектын хүрээг заавал “төрийн албан хаагч” гэж хязгаарлах шаардлагагүй гэж харагдаж байна.
Эцэст нь иргэдийн шүүхийн байгууллагад итгэх үнэмшилгүй, энгийн урьдчилан сэргийлэх чадвар нь сулрах бөгөөд хээл хахуулийн гэмт хэргийн субъектийг тодорхой ойлгомжтой шүүхийн тайлбараас, хууль тогтомжийн тайлбар хүртэл хурдан хугацаанд хийх хэрэгтэй байна.
БНСУ-ын хуулинд шударга бус хүсэлт тавих болон мөнгө, эд хөрөнгө хүлээн авахтай холбогдуулан хориглосон хууль тогтоомжинд “төрийн албан хаагч болон улсын их хурлын гишүүн гэх мэтийн хүрээллийг төрийн албан хаагчид ямар нэг хязгаарлалт тавихгүйгээр хувийн сургуулийн багш, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтанг оруулахаар субьектын хүрээг өргөсгөж байгаа бөгөөд тусгай гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэнд ял шийтгэлийг хүндрүүлэх тухай Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлд Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоосон тодорхой байгууллагын удирдах шатны албан хаагчыг хээл хахуулийн гэмт хэрэгт хамруулж байгаа бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт санхүүгийн байгууллагын ажилтан хуулийн хэрэгжих субъектэд хамааруулж байна.
Түүнчлэн энэ хуулинд хувь хүмүүсийн хоорондын хээл хахуулийн гэмт хэргээр эрүүгийн хууль дахь хууль бус хүсэлтийн үндсэн дээр бусдын өмнөөс ажил гүйцэтгэж шан харамжинд эд хөрөнгө болон эд материал олж авах, өгсөн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж байгаа бөгөөд Монгол Улсын эрүүгийн хуулинд үүнтэй адил хээл хахуулийн гэмт хэргийн субъектыг өргөн хүрээнд хамруулан субъект тус бүрт тохирсон ял шийтгэлийг оногдуулахаар хуульчилж өгөх нь зүйтэй юм.
3.Шан харамж, ажил албан тушаалтай холбоотой шаардлагыг бууруулах
Эрх зүйн орчин хөгжингүй ХБНГУ, Франц зэрэг улсын хээл хахуулийн талаар эрүүгийн хууль тогтоомжинд шан харамж нь туйлын бага ч ашиг орлого олсон гэж үзэж тохиолдолд бүрт нь ял шийтгэлийг оногдуулдаг байна.
Мөн БНСУ-ын хууль бус хүсэлт буюу эд хөрөнгийг хүлээн авахыг хориглосон хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалтанд хээл хахуулийн гэмт хэргийн “албан тушаалтай холбоотой шан харамж”-ыг заасан байна.
Шан харамжын тухай ойлголт нь туйлын харьцангуй ойлголт биш бөгөөд нийтэд нь хамарсан ямар нэг онцгой хүсэлт байх эсэхээс үл хамааран онцгойлон албан тушаал дахь үйлдэлд шан харамжын харилцаа холбоог шаардахгүй гэж үздэг.
Энэхүү онолын тайлбар нь бодит байдал дээр албан тушаал ба хээл хахуулийн хооронд шан харамжын харилцаа холбоо шаардлагагүй бөгөөд шан харамж авсан тохиолдолд ял онооно гэсэн үзэл нь хууль тогтоомж байхгүй бол гэмт хэрэг ч байхгүй, эрүүгийн ял шийтгэл ч байхгүй байх бөгөөд авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил үр дүнгүй болно.
Энгийнээр дүгнэхэд төрийн албан хаагчид бэлэг өгөх тохиолдолд зөвхөн сэтгэлээсээ өгсөн утгатай эсвэл албан үүргийн хувьд гүйцэтгэсэн сэтгэлийн илэрхийлэл байж болно.
Шудрагаар албан үүргээ гүйцэтгэх, ард иргэдийн итгэлийг хамгаалах зарчмыг илүү сайжруулахын тулд эрүүгийн хариуцлагын хүрээг томруулан үзэх нь олон улсын төдийгүй цаг үеийн шаардлага юм.
Шан харамжын харилцаа холбоо гэсэн шаардлагыг сайжруулахад шан харамжгүйгээр ашиг хонжоо өгөх үйлдлийн талаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн талаар онолыг шинээр томьёолсноор Монгол Улс авлигын талаар үр дүнтэй тэмцэх арга хэмжээ болно гэж хэлж болно.
Нөгөө талаар шудрагаар төрийн албанд ажиллах нөхцлийг хамгаалахын тулд төрийн албан хаагч гэдэг албан тушаалын байдлаар үйлдэгддэг нэг төрлийн ашиг орлого олох үйлдлийг таслан зогсоох шаардлагатай. Түүнчлэн шан харамж нь албан үүрэгтэй хамааралгүйгээр ч ашиг орлого олсон үйлдэлд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.
4. Бүтцийн ангилалт болон хуулийг тайлбарлах, оновчтой хэрэгжүүлэх
Хээл хахуулийн гэмт хэрэг нь ихэнхдээ хүний шууд оролцоог шаардахаас гадна олон төрлийн үйлдэл, зорилгын хоорондын нарийн нягт холбоонд үндэслэн илэрхийлэгдэж байдаг.
Гэмт хэрэгтэн шууд гэмт хэрэг үйлдэхгүйгээр дундын зуучлагчаар дамжуулан шууд бусаар гэмт хэрэг үйлдэх боломжтой бөгөөд төрийн албан хаагч өөрийн албан үүрэг биш хэдий ч үүрэг даалгавар өгөх, айлган сүрдүүлгээр хууль бус үйлдлийг өөр хүнээр хийлгүүлэн мөнгөн шан харамж авах боломжтой тул иймэрхүү олон төрлийн үйлдлийг харгалзан үзээд хууль батлах хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж харагдаж байна.
Нөгөө талаар, хээл хахуулийн гэмт хэрэг нь олон төрлийн арга, үйлдлүүдээр үйлдэгддээс харвал түүнд тохирсон хуулийн тайлбар ба хэрэгжүүлэлт шаардлагатай бөгөөд ерөнхийдөө Монгол Улсын Шүүх байгууллагын хуулийн тайлбар, хэрэгжүүлэлт болон хууль хэрэгжүүлэгч нарт тохиолддог нийтлэг алдаа дутагдал нь:
1. Хээл хахуулийн гэмт хэргийн бодит үнэнг тодорхойлж чадахгүй байх,
2. Хээл хахуулийн гэмт хэргээр ял оногдуулах эсвэл захиргааны арга хэмжээгээр оногдуулах талаар сайтар ялгаж чадахгүй байх,
3. Хээл хахуулийн гэмт хэргийн шалтгаант нөхцлийг зөв тодорхойлоогүй нөхцөлд хуулийн хэрэгжүүлэлтэнд алдаа гаргах тохиолдол байдаг. Иймд хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нь хуулийг зөв хэрэгжүүлэх гол үндэс болох бөгөөд уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд шүүх болон хууль хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаа улам бүр сайжрах нь ойлгомжтой юм.
4.Цалин хөлс ба амьдралын түвшин сайжруулах
Монгол Улсын хэмжээнд авлигын гэмт хэрэг гарч буй шалтгааныг судалсан судалгаанаас үзвэл бага орлоготой иргэд нийт хүн амын дийлэнхи буюу 58,4 хувийг төрийн албан хаагч 26 хувийг эзэлж байгаа бол эдийн засгийн байдлаас шалтгаалан 24,1 хувийг, улс төрийн тогтворгүй байдал 12 хувиар нөлөөлж байна гэсэн үзүүлэлт гарсан байна.
Үүнээс харвал Монгол улсын хүн амын 60 гаруй хувь нь төрийн албан хаагчийн цалин хөлсөөр амьдарч байгаа нь тэдгээрийн орлого зах зээлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханштай харьцуулахад хүрэлцэхгүй бага байгаатай холбон тайлбарлаж болно.
Монгол Улс нь газар зүйн байрлалын хувьд далайд гарцгүй, газар доорхи ашигт малтмал ихтэй боловч нээж илрүүлэх технологи дутмаг, үйлдвэрлэл хөгжөөгүйгээс импортын бүтээгдэхүүн хэрэглэж байна[26]. Иймд төрийн албан хаагчид хангалттай цалин хөлс олгохгүй, иргэдийн амьдралын түвшин сайжраагүй тохиолдолд авлигын гэмт хэрэг нь буурахгүй юм.
Төрийн албан хаагч гэсэн шалтгаанаар төрөөс шудрага байх, туйлын ядуурлыг тулган шаардаж байгаа нь чадварлаг хүний нөөцийг төрийн албанд ажилд авч чадахгүй бөгөөд ур чадварыг сайжруулах боломжоор хангаж чадахгүй төдийгүй эцэст нь авлига авах хүслийг бий болгож болно.
5. Авлигын эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлт
Авлигын эсрэг хууль батлагдсанаас хойш 10 жил өнгөрсөн ч гэсэн энэ хугацаанд томоохон үр дүн гараагүй байна. Авлигын эсрэг хууль үр дүнгээ өгч чадахгүй байгаа гол шалтгаан нь хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журам нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа, ял шийтгэлийн бодлого сул байгаагаас шалтгаалж байна гэж гэж үзэж болохоор байна.
Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн зорилго ба зорилтыг нь тодорхой болгож, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхийн тулд энгийн ард иргэд ойлгоход амархан байдлаар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болох нь харагдаж байна.
Нөгөө талаар, авлигын эсрэг хуулинд авлигаас урьдчилан сэргийлэх талаар төрөөс нийтэд чиглэгдсэн хөтөлбөр зохион байгуулагдахаар байгаа хэдий ч үүний талаар төрөөс онцгойлон үр дүнтэй хийгдсэн ажил байхгүй байна. Урт хугацааны зорилго, зорилттой төрийн авлигын эсрэг хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч хурдан шуурхай хэрэгжүүлвэл хээл хахуулийн гэмт хэргийг бууруулах боломжтой юм.
Мөн Авлигатай тэмцэх газрыг улс төрөөс тусгаар тогтносон статустай байлгах улс төрийн эрх мэдэлтний хараат байдалд орохоос сэргийлэх шаардлагатай юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь томилогдсон хугацаандаа улс төрийн аль нэг намаас хараат бус байж улс төрийн нам, эвсэл, холбооны нөлөөллөөс ангид байж төвийг сахисан байр суурьтай байх нь хээл хахуульд автагдах эрсдэл бага болох бөгөөд хээл хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцож, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтой болох нь харагдаж байна.
6. Иргэдийн сэтгэхүйн шинэчлэлт хийх, ардчилсан нийгмийн хамгаалалт
Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд хүн ба нийгэм хоорондын харилцаа холбоог сайтар ойлгох хэрэгтэй юм. Түүнээс гадна нийгэмд авлига нь ямар нөлөөллөөс үүсэн гарч байгаа, хэр их хэмжээнд тархсан, түүний шалтгаант нөхцөл нь юу байгааг нийтэд нь шалгаж, тогтоох шаардлагатай байна.
Иймд урьдчилан сэргийлэх оновчтой аргуудыг сонгож, нийгэм, төр, иргэдийн хооронд идэвхитэй оролцоог шаардах, хээл хахууль нь бидний амьдралын нэгээхэн хэсгийг сүйтгэж, Монгол Улсад төдийгүй өөр улс оронд ч мөн адил хор уршиг учруулж байгааг ухамсарлан ойлгож, таслан зогсоохын тулд урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.
Засгийн газар нь авилгын гэмт хэргийн гарах учир шалтгааныг тогтоож, нийгмийн бүх хэсгийг хамарсан, авлига ба хээл хахуулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтээрээ сургалтад хамрагдах зуршлыг хэвшүүлэх хэрэгтэй байна.
Хээл хахуулийн гэмт хэргийн үндэс нь хуулийн тогтоомжийн хэрэгжилтээр хязгаарлагддаг тул хүмүүсийн дотоод сэтгэлгээнд хээл хахуулийг гэмт хэргийн хор уршиг, үр дагаврын талаар зөв ойлголтыг төрүүлэх нь чухал юм.
Төрийн тогтолцоог шинэчилж өөрчилж болох боловч, ард иргэдийн сэтгэхүйг өөрчлөхгүйгээр хээл хахууль болон авлига нь нийгмийн тогтолцоонд оршсоор байх болно.
4. Дүгнэлт
Хээл хахуулийн гэмт хэрэг нь нийгэм, эдийн засгийг хүндрэлд оруулахаас гадна, хувь хүний ёс зүйд нөлөө үзүүлж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Иймд төр ба хувь хүний оролцоо маш чухал байдаг.
1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин орсноор авлигын гэмт хэрэг нь ихээр гарах болсон байна. Энэхүү өгүүлэл нь авлигыг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үр дүнтэй арга хэлбэр, гадаадын улс орны туршлагаас судалгаандаа дурьдахыг зорьсон болно.
Энэхүү өгүүллийг дүгнэн үзвэл:
1. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эрүүгийн хууль тогтоомжийг оновчтой зөв хэрэглэхийн тулд хээл хахуулийн ойлголт ба цар хүрээ, бэлэг ба авлигын ялгаа, төрийн албан хаагчийн цар хүрээ хувь хүн хоорондын авлигын талаар эрүүгийн хуулинд хуульчилж өгөх, эрүүгийн хууль дахь эрүүгийн хариуцлага ба зөрчлийн хуулин дахь хариуцлагын хэм хэмжээ хоорондын ялгаатай талыг тодорхой болгох хэрэгтэй бөгөөд үүний талаар эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг дурдаж, үүнээс гадна Дээд шүүхийн оновчтой бөгөөд ойлгомжтой тайлбар хэрэгтэй юм.
2. Хөгжингүй улс орнуудын хууль тогтоомжийн нэгэн адил хээл хахуульд үг хэллэгээс хамаарахгүйгээр шан харамж авч олсон орлогод тохирсон ял шийтгэл оногдуулах журмыг зүйлчилж өгөх зүйтэй.
3. Авлигын эсрэг хууль нь тухай бүр үр дүнтэй хэрэгжиж чадахгүй байгаа тухай дүгнэлт гарсан төдийгүй Авлигын тухай хуулийг бүхэлд нь нэмэлт өөрчлөлт оруулах санал дэвшүүлсэн ба уг хуулийн зорилгыг тодорхой болгон хуулийн үйлчлэх хүрээг өргөн болгох, нөгөөтэйгүүр урьдчилан сэргийлэх зорилгыг хангалттай биелүүлэхэд иргэдэд ойлгогдохуйц нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй бөгөөд улс төр, эдийн засаг, аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллага, шүүх, прокурор, бусад албан байгууллагуудыг хамруулсан өргөн хүрээнд авлигыг зогсоож чадах хууль хэрэгтэй байна.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын бие даасан байдлыг хангахын тулд Авлигатай тэмцэх газрын даргыг сонгох эрхийг намын харьяалалаас татгалзсан субьектэд олгох шаардлагатай.
5. Төрийн албан хаагчид хангалттай цалин олгохгүй мөн амьдралын түвшин сайжраагүй нөхцөлд Монгол Улсын авлигын гэмт хэрэг нь хэзээ ч зогсохгүй бөгөөд төрийн албан хаагчийн цалингийн хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бараан бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах нь зүйтэй юм.
6. Хээл хахуулийн гэмт хэргийг хурдан илрүүлэхэд мэдээллэгчиийн талаарх аюулгүй байдлыг хамгаалах нөхцлөөр хангаж мэдээллэгчийн тухай нууцыг чанд сахин хамгаалах хэрэгтэй төдийгүй хээл хахуул өгсөн хүн нь хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд идэвхитэй тусалвал зохих эрүүгийн ял шийтгэлийн хөнгөлөх зүйл заалтыг өргөсгөх нь хээл хахуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг бөгөөд хэргээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ялаас хөнгөрүүлэх эсвэл оногдуулах ялыг багасгах арга хэрэгтэй.
Эцэст нь Монголчуудын хувьд хээл хахуулийн гэмт хэрэг нь ердийн өдөр дутмын байх ёстой үзэгдэл мэт сэтгэхүйн ойлголтыг өөрчилж, сэтгэхүйд нь өөрчлөлт хийх, нөгөөтэйгүүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын бүхий л салбарт шудрага ёсны, ардчилсан тогтолцоотой нийгмийг цогцлоохын тулд иргэн, хувь хүн, төр,засгийн байгууллагууд хүсэл зорилгоо нэгтгэж, хамтарч ажиллах нь зүйтэй байна.
АШИГЛАСАН НОМ ХЭВЛЭЛ
1.Эрх зүйн акт бичгүүд
Монгол улсын үндсэн хууль 1992 он
Эрүүгийн хууль 2002 он, 2015 он
Эрүүгийн байцаан шийтгэх хууль 2002 он
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 он
Төрийн албаны тухай хууль 2002 он
Монгол хэлний тайлбар толь . УБ., 2015
Авилгалтай тэмцэх тухай хууль 2006 он
2.Ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл
Жереми Поуп “Авилгалын эсрэг сурвалж бичиг 2003 он
Л.Батжав, Б.Цэвээн, “Ашиг сонирхлын зөрчлөөс авлига руу”, УБ, 2009 он
Д.Зүмбэрэллхам, “Авлига гэмт явдал” УБ, 2011 он
Н.Жанцан, “Шунахай сэдэлттэй гэмт явдлын шалтгаан нөхцөл” Прокурорын ном
/гарын авлага/
С.Нарангэрэл, “Эрүүгийн эрх зүй тусгай анги” УБ, 1999 он
Г.Совд, “Монгол Улсын эрүүгийн хуулийн тайлбар” УБ, 2002 он
Нэргүй, “Авлигалын эсрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” Авлигал: Мөнхийн үзэгдэл биш сэтгүүл
Авлигын ерөнхий төлөв байдал, Авлигтай тэмцэх газар, Судалгаа шинжилгээний алба, 2008 он
Зориг сан, “Авлига: Түүний тухай ойлголт, тэмцэх арга зам”, УБ, 2008
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны товч танилцуулга, 2009 он
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл, 2010 он
Монгол Улсын Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх 2012 оны тайлан.
Ц.Энхбат, “Авилга ба Иргэний нийгэм” өгүүлэл 2012 он
Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлан, 2013 он
3.Гадаад ном, эрх зүйн акт
A.J. and Johnston , M. (eds), Political Corruption. Concepts and Contexts, third edition, Transaction Publishers, New Brunswick and London .С
Черняков.А.А Коррупция и ее юридические признаки, Алматы 1996г
Борьба с организованной преступностью и коррупцией, М, 1996г
БНСУ-ын Эрүүгийн хууль 2016 он
БНСУ-ын Эрүүгийн процессын хууль 2016 он
3. Цахим эх сурвалж
http://vip76.mn/content/6774
www.transparency.org/news/feature/corruption_perceptions_index_2016
www.undoc.org/unodc/en/treaties/CAC/signatories.html
https://www.forum.mn/p_pdf.php?obj_id=4325
Мөнхөөгийн Гантулга* (Ph.D.)