Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани “Овоот” төслийн эхний шатны төслийн стратегийн санхүүжилт болох 15 сая австрали доллар бүрдүүлсэн талаар зарлалаа. Тус компанийн 476 гаруй сая ширхэг хувьцааг компанийн гол хувьцаа эзэмшигч Ц.Цэрэнпунцаг 10 сая австрали доллароор худалдан авсан байна.
Үүнээс гадна “Noble” группт төлөх 2.4 сая ам.долларын төлбөртэй дүйцүүлж, 161 сая ширхэг гаруй хувьцааг шилжүүлжээ. Мөн нэмэлтээр 80.9 сая ширхэг хувьцаа гаргаж, 1.7 сая австрали доллар татан төвлөрүүлсэн аж. 12 дугаар сарын зургааны байдлаар “Aspire Mining”-ийн бэлэн мөнгөний үлдэгдэл 15.6 сая австрали доллар болсон талаар тус компани мэдэгдлээ.
Одоогоор “Aspire Mining” компани “Овоот”-ын эхний шатны бүтээн байгуулалтын төсөл, Эрдэнэт-Овоот чиглэлийн дэд бүтэцтэй холбоотой урьдчилсан эдийн засгийн судалгаануудаа эцэслэхээр ажиллаж байна. “Бид зээллэггүйгээр санхүүгийн тогтвортой байдлаа хангаж чадсанд баяртай байна. “Овоот”-ын эхний шатны бүтээн байгуулалтын төслийн ТЭЗҮ-ийн нарийвчилсан мэдээллийг 2019 оны эхээр танилцуулна гэж харж байгаа” гэж “Aspire Mining”-ийн тэргүүн Дэвид Паулл мэдэгдлээ.