МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа гишүүдтэйгээ нойтон өлсгөлөн зарлаж буй. Уг нь тэднийг өлсгөлөн зарлах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас хүлээж аваагүй юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Эрүүгийн шинэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжих учраас хуучин хуулиараа таны ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэх тайлбарыг цагдаагийн байгууллагын өгсөн байна лээ. Өөрөөр хэлбэл, шинэ Эрүүгийн хуулиар таныг ялгүйд тооцох хугацаа ирэх намар дуусах юм биш үү?
-Цагдаагийн байгууллагын бичгээр хүнийг сонгуульд орох орохгүйг шийдэж байна гэж би ойлгосон. Хууль эрхзүйн орчноор тайлбарлаад байгаа юм. Нэг талаасаа шинэ эрүүгийн хууль есдүгээр сарын 1-нээс эхлэх ч миний хувьд 2009 оны Өршөөлийн хуульд хамрагдсан. Надад хүчээр тулгаж өгсөн 150.3 гэх зүйл ангийн ял 2015 оны хуулиар өршөөгдсөн. Хоёр удаагийн Өршөөлийн хуулиар өршөөлд хамрагдаж ялгүй болсон. Ирэх есдүгээр сарын 1-нд хэрэгжих хуульд миний ялтай байсан минь хамаагүй. Намайг сонгуульд орвол ард түмэн Энхбаярыг сонгочих гээд байгаа учраас цагдаагийнхан Сайханбилэг, Элбэгдоржийн даалгавраар зохион байгуулалттайгаар ийм ажил хийж байна. Тэд ялгүйд тооцох хугацаа нь дууссан гэх бичгээ хийж өгөхгүй янз бүрийн тайлбар тавьж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Энхбаяр гэж хүн өрсөлдөж улмаар ялалт байгуулах магадлалтай гэж ойлгоод миний улс төрийн үйл ажиллагаанд саад болж байна.
-Улс төрийн нөлөө байна гэж та үзэж байгаа хэрэг үү?
-Би нийт ард түмэн, улс орныхоо эрх ашгийн төлөө тэмцэж байгаа. Элбэгдоржийг л хурдан солъё. Нэг ч гэсэн хоног хүлээмээргүй байна. Тавантолгойг самарч хаясан, Үндсэн хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн гэх мэт Элбэгдоржтой холбоотой маш олон асуудлыг хөндөж гаргаж тавина. Энэ хүн үүнээс айгаад байна. Монголоор ингэж тоглож болохгүй. Монголын ард түмэн гэсэн маш том эрх ашгийн төлөө өлсөхөд миний амь нас юу ч биш гэж би бодож байна.
-Ард түмэн ядуурлаас болж өлсөж байхад та бүхэн улс төрд орох гэж өлсөж байгаа тань хэр оновчтой юм бэ?
-Энэ хүмүүсийг цочоох гэсэн оролдлого биш. Би нийтийн эрх ашиг, сонгох сонгогдох эрхийн төлөө өлсөж тэмцэж байна. Тэмцлийн хурц хэлбэр юм. Намайг өмнөх сонгуульд мэдлэг боловсрол дутуу гэх шалтгаанаар оролцуулаагүй. Би өөрийгөө мэдлэг боловсрол дутуу гэж бодохгүй байна. Энэ тэмцэл үр дүнд хүрсэн ч хүрээгүй ч цаашидянз бүрийн хэлбэрээр үргэлжилнэ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль дуустал намайг янз бүрээр хууль хүчнийхэнтэй хавсарч дарамтлах, хавчих нь ойлгомжтой. Би зүгээр гараа хумхиад суувал энэ ард түмний төлөө хэн тэмцэх юм бэ. Энэ ард түмэнд би өртэй учраас өрөө төлнө. Шударга ардчилсан нийгэм байгуулахад туслана. Энэ бүхнийг бий болгоход надтай дайсагналцаж байгаа ганц л хүн байна. Монголын дайсан бол хятад, орос өөр аль нэг улс орон биш. Элбэгдорж. Би дайсантайгаа л тэмцэж байна.
-Биеийн байдал тань ямархуу байна вэ?
-Ядарч байна. Өлсгөлөн зарлах маш хэцүү учраас үүнийг дагаж ядардаг, тархи толгой өвддөг, цусны даралтад өөрчлөлт ордог. Үүнийг тэсэх л хэрэгтэй. Уржигдар эмч нар ирж биеийн байдлыг маань үзсэн. Түүнээс хойш тогтмол биш ч үе үе ирж үзээд явж байна. Өөр ямар нэгэн байгууллага, ялангуяа сонгуульд оролцуулахад үүрэгтэй байгууллагаас хүмүүс ирж уулзаагүй байгаа.
Eagle.mn