( сонгогч бүсгүйн захидал )
Утаат хотын
Ууртай гишүүн сайн байна уу.
Гэр хорооллын
Гивлүүртэй сонгогч сайн байна
Намар та манайд ирэхдээ
Надад ганц амласан шүү дээ.
Галладаг зуухыг цахилгаан болгоод
Гаднах хогийг сард нь ачаад
Бүх айлын янданг лацдаад
Бүгдээрээ нийлж хөгжинө гэчихээд
Хороон даргаас ч санаа зовохгүй
Хошгоруулж хошгоруулж өвөлжин чадлаа.
Уншаад баймаар таны амлалтууд
Утаагүй болгож чадна гэжээ
Утаагүй болгож чадья гэтэл
Улсын данс улайсан гэжээ.
Амьдаараа утуулахаас зайлс хийгээд
Алсын хөдөө гарья гэвэл
Цэцэрлгийн хүүхдээ шилжүүлж аваад
Цэнгэг агаарт сууя гэвэл
Ажлын байр тэнд байхгүй
Амьдаараа турж үхэх байлгүй
Үүл газардсан цайдам хөдөөд
Үстэй дээлтэйч ч осгох байлгүй.
Уг нь тэгээд бодоод байхад
Улаанбаатар минь сайхаан
Уулс тийшээ угаар түрсэн
Үүлс дээшээ утаа тулсан
Улсын маань харанхуй хот
Улаанбаатар сайхаан.
Өдөн дэрнээс
Өглөө өндийж
Өнөөх хөөгөө хэд шүүрдээд
Цоохор тортогоо ч шалавхан гөвж
Цонхны цаанаас баримжаа авчихаад
Харанхуй нь дэндсэн гудамжаар
Халтирч үхмээр замаар
Ажилдаа түгжрэнхэн
Автобусанд жихэлдэнхэн
Амаа боож алхвал
Аяа бас болох биш үү.
Тэгэвч би.
Дайн самуунтай сири адил
Дарийн утаат энэ л хотод
Үр хүүхдээ угаартуулж
Үйлээ үзсээр залхаж байна.
Нүд улайсаар уушиг хордож
Нүүр халтартсаар шүд харлаж
Толгой өвдсөөр дотор муухайрч
Тортог залгисаар өтөлж байна.
Даанч дэндүү дарга нар минь
Даварсан муу луйварчид минь
Нүдээ нээгээд хараач дээ
Нүүдгүй утааг ажаач дээ.
Өгье гэвэл ганцаас гэж
Өвгөдийн мэргэн сургааль бий
Монгол юм бол наад зүрхээ
Монгол юм шиг цохилуулаач дээ
Талсаж идсэн хөрөнгөө зоорио
Там руу та нар зөөхгүйгээс хойш
Аймшигт утааг багасгахад туслан
Алгаа дэлгэж гэгээрээч дээ.
Гадагшаа гаргаж мөнгө нуухгүй
Ганц ч төгрөг илүү идэхгүй
Урам зоригтой сэтгэе гэвэл
Улаанбаатарт жаргал байна.
Аяны чинь дөрөөг утаагаар мялаая
Алсын чинь харгуйг угаараар үдье
Баяртай гишүүн минь хариу өгөөрэй
Байнгын минь хаяг Утаанбаатар
/ Ч.Чагнаадорж /