Шатахуун импортлогчидтой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар л “дайтаж” байна. Өөр тэдэнд арга хэмжээ авч, сануулга өгдөг албан тушаалтан, эрх мэдэлтэн гэж манайд алга. Гэвч ШӨХТГ-ын арга хэмжээ, торгуулиуд шатахуун импортлогчдад “бохины мөнгө” гэлтэй. Тийм ч болохоор сүүлдээ биднийг элэглэн, дооглож эхэллээ.
Шатахуун жижиглэн худалдаалах эрх бүхий есөн компани/бидний мэддэг бүгд шахуу/-ийн худалдаалдаг АИ-92 автобензин дэх марганецын агууламж бага байгааг мэргэжлийн байгууллага шалгалтаар тогтоов. Өөрөөр хэлбэл шатахуун компаниуд АИ-92-ын стандартыг хангах чадахгүй бензинийг АИ-92-ын үнээр бидэнд шахдаг байж. Гэвч ийм шударга бус үйлдлийнх нь хариуд есхөн сая төгрөгний торгууль ноогдуулсан байгаа юм. Энэ хооронд эдгээр компаниудаас хэчнээн жолооч шатахуун авч, эдийн болоод эдийн хөрөнгөний хохирол учирсан бэ. Хэн үүнийг тогтоож, хэн энэ хохирлыг барагдуулах вэ.
Петростар ХХК, Магнай трейд ХХК, Шунхлай трейдингХХК, Содмонгол групп ХХК, М-Ойл групп ХХК, Жаст-Ойл ХХК, Синчи-Ойл ХХК, Монсуль ХХК, Ойн бирж ХХК зэрэг компаниудтай хэн хариуцлага ярих вэ.
Тэр агаар мандал, хүний бие организмад муугаар нөлөөлдөг эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ядаж л октандаа хүрэхгүй бензин хийгээд байхаар автомашины эд анги муудна биз дээ. Ийм асуудал байхад тэдгээр компаниудыг зүгээр торгоод л өнгөрөх ёстой гэж үү. Олон жил биднийг хульхидсан байвал яах вэ.
Үнэн зөвийг тогтоож, хохирлыг барагдуулж, тусгай зөвшөөрөлтэй нь хүртэл ярих цаг болчихоод байна шүү дээ.