Баянгол дүүргийн татварын хэлтэс нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулдаг зах худалдааны төвүүдэд ажиллав. Тайлант хугацаанд хийгдсэн энэхүү ажиллагаанд “Хар хорин хүрээ” ХХК, “Чингис трейд” ХХК буюу “Хар хорин” зах хамрагдсан юм.
Энэ үеэр “Хар хорин” зах нь худалдаа эрхлэгч иргэдэд түрээслүүлсэн орлогоо татвар төлөгч иргэн бүрээр задалж шивээгүй, мөн лангуу түрээслэгч иргэдэд төлбөрийн баримт олгоогүй зэрэг зөрчил илэрсэн бөгөөд газар дээр нь илэрсэн зөрчлүүдийг арилгууллаа. Ингэхдээ дүүргийн татварын хэлтсээс худалдаа эрхлэгч иргэдийг татвар төлөгчөөр бүртгэж, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн талаархи сурталчилгаа, цахим төлбөрийн баримт олгож хэвших талаар сургалт сурталчилгааг хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн хэрэгжилтийг шалгах, иргэний орлогын албан татварын дутуу төлөлтийг төсөвт төвлөрүүлэх зэрэг ажлуудыг амжилттай хийж гүйцэтгээд байна.
Тодруулбал “Хар хорин” худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэд нь цахим баримт олгох сонирхолгүй, холбогдох хууль дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй зэрэг зөрчлүүд нь татварын албаны ажилд багагүй хүндрэл чирэгдэл учруулдаг болохыг анхааруулахын зэрэгцээ тодорхой хариуцлага тооцож зөрчлийг газар дээр нь арилгуулсан юм.
Зөрчлийн хуулийн дагуу дөрвөн иргэнийг 600 000 төгрөгөөр торгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад, зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа 68 иргэнийг тус хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн, зөрчлийн хэрэг бүртгэлт хийж шийтгэл оногдуулах, зөрчлийн хэрэг үүсгэн прокуророор хянуулан албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд шилжүүлэн ажиллаж байна. Мөн Систем нийлүүлэгчдийн холбоо, Голомт банктай хамтран постерминал машин олгуулах ажлыг ч зохион байгуулж байгааг онцлож байна.
Баянгол дүүргийн татварын хэлтсээс татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж цаашид хуулиа дээдлэн цахим төлбөрийн баримтаа хэвлэж, худалдан авагч бүрт олгож хэвшихийг уриалж байна.
Баянгол дүүргийн татварын хэлтэс