РИО 2016 олимпын их наадмын усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй нэг нэг тамирчин оролцох эрхээ авчээ. Б.Есүй нь Орхон аймгийн Орос 4-р 10 жилийн 10б ангид сурдаг ба 2000 оны 07 сарын 21-нд төрсөн энэ жил дөнгөж 16 нас хүрч яваа өсөх ирээдүйтэй тамирчин юм. Тэрээр усан спортоор хичээллээд 10 жил болж байгаа бөгөөд азийн наадам, дэлхийн цом, дэлхийн аварга зэрэг тэмцээнүүдэд оролцож дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралддаг тамирчин юм.
2015 оны Сингапурт болсон олон улсын тэмцээнд оролцон өврөөр даллах 50 метрийн төрөлд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоожээ. Б.Есүй Монголын усан спорт сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг бүхийл тэмцээнүүдэд амжилттай оролцон үргэлж тэргүүн байрын төлөө өрсөлддөг шилдэг эмэгтэй тамирчдын нэг билээ.
2016 оны 5 сарын 28, 29 нд болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон 100 метр араар даллах төрөлд спортын мастерийн болзол хангаж 50 метр өврөөр даллах төрөлд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоосон амжилттайгаар оролцсон бяцхан биендээ баймааргүй их тэвчээр гарган хөдөлмөрлөж байгаа тамирчин охин юм.
Амжилт болгоны ард маш их хөлс, нулимс урсаж байдаг. Түүнд олимпын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот тугыг өндөрт мандуулан ард түмэндээ олон олон алтан медалиар байнга бэлэг барьж байх спортын өндөр их амжилтыг хүсэн ерөөе. Түүнд нас байна, хүч байна, зорилго байна. Монгол улсаас усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд эрэгтэй, эмэгтэй нэг нэг тамирчин өрсөлдөх юм байна.