Засгийн газраас Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эргэлтэд оруулах үүрэг өглөө.
Асгатын мөнгөний орд бол стратегийн орд газар. Гэхдээ ашиглахад хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай. Гэхдээ Засгийн газраас Ховд аймгийн нутагт орших Цагаан эргийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.
Ирэх лхагва гарагт болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ тухай албажуулж, Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанид шилжүүлнэ. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар дөнгөж сая холбогдох газруудад үүрэг болголоо.
Түүнчлэн Асгатын ордыг сарын хугацаанд эргэлтэд оруулах үүргийг давхар өглөө. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Та бүхэн гурван сая гаруй хүнээ төлөөлж ажиллах хэрэгтэй. Тиймээс нэг сарын дотор Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулах шаардлагатай. Мөн Салхитын мөнгөний ордыг ашиглах, эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг ч ханга. Үр өгөөжийг нь ард түмэнд хүртээх хэрэгтэй байна. Цагаан сараас өмнө эдгээр ордыг эргэлтэд оруулах, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцуулахгүй бол та бүхэн өргөдлөө өгөх хэрэгтэй” гэжээ.
MV-004388 – Асгатын ордыг (37.03 га талбай) 2002 оноос, MV-008191 – Асгатын өмнөд участок, 390.28 га талбай бүхий ордыг 2004 оноос, MV-008645 – Асгатын хойд төвийн хэсэг, 620.63 га талбай бүхий ордыг 2004 оноос, MV-000278 – Асгат, 2.41 га талбай бүхий ордыг 1996 оноос хойш ашиглалтын тусгай зөвшөөрлүүдээр Монголросцветмет нэгдэл тус тус эзэмшсээр ирсэн.