УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр “Өнөөдөр УИХ-ын гишүүдээс УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьсан. Сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа. УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуулиар Даваа гарагт бүлгүүд хуралддаг. Мягмар, Лхагва гарагуудад байнгын хороод, Пүрэв, Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаан хуралддаг. Даваа гарагт чуулган хуралдахыг хориглосон.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гишүүдийн өргөн барьсан тогтоолын төслийг нэн яаралтай УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Мягмар гарагт 10:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Түүний дараа үргэлжлүүлээд чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийднэ.
Сая УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэх тухай УИХ-ын даргын захирамж гарсан” гэж мэдэгдэв.