АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсад айлчлах үе. 2005 оны 11 сарын 21
Монгол Улсын гурав дахь тэргүүн хатагтай О.Цолмонтой \”Өдрийн сонин”-ы ¹136 (5401) дугаарт сэтгүүлч С.Алтанцэцэг ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Таны бага насны талаар яриагаа эхэлье.
-Би их азтай хүн л дээ. Ямар утгаараа гэвэл 24 нас хүртлээ хоёр эмээ, хоёр өвөөдөө эрхэлж өссөн. Ийм тохиолдол их ховор байдаг шүү дээ. Аав, ээж хоёр маань хоёулаа айлын том хүүхдүүд. Завгүй үедээ намайг аль нэг өвөө, эмээгийнд аваачаад өгчихнө. Ингэж л хоёр талынхаа өвөө, эмээд эрхэлж өссөн дөө. Тэдний хувьд би анхных нь зээ, анхных нь ач байсан юм. Тэгэхээр аль ч гэрт очсон дархан эрхтэй, хамгийн хайртай хүүхэд нь байлаа. Ингэж өвөө, эмээтэйгээ ойр дотно өссөн болохоор би настай хүмүүст их хайртай байдаг юм. Өвөө, эмээгээ их санадаг учраас цаанаа л нэг сайхан дотно сэтгэгдэл төрүүлнэ.
Намайг 24 настай байхад өвөө маань өнгөрсөн. Нөгөө өвөө 35-тай байхад минь бурхан болсон доо. Удам судрын тухайд гэвэл аавын минь аав гарал үүслээрээ Сэлэнгийнх. Нутаг заагдаж Завханы Тосонцэнгэлд очиж ажиллаж амьдарсан юм билээ. Тэндээ олон жил амьдарсан болохоор сэтгэл зүрхээрээ Завханы хүн болчихсон. Би ч багадаа Тосонцэнгэлд их очдог байлаа. Бүр арван жилийн сургуульд нь хүртэл сурсан. Хүүхэд насны ихэнх сайхан дурсамж энэ сайхан нутагтай холбоотой.
Сүүлдээ өөрийгөө Завханы хүн л гэж боддог байлаа. Гэхдээ миний энэ бодол ортой. Өвөөгийн эхнэр буюу эмээ маань Дарьбазар гэж хүн байсан. эмээгийн аав мэргэн гүн Гомбожав гэж хүн байсан гэнэ лээ. Тэр хүн Хөвсгөлийн рашаантынх. Сүүлд эмээгийн ээж салаад Элдэв-Очир гуайтай гэр бүл болсон гэдэг. Очир гуай чинь Нөмрөгийн хүн шүү дээ. Намайг бага байхад Очир гуайн ээж амьд сэрүүн байсан. Манайд ирэх үед нь би өвдгийг нь барьж өгдөг байснаа санадаг юм. Ингээд бодохоор би Завхантай яах аргагүй холбоотой.
-Ээж тань аль нутгийн хүн бэ?
-Ээжийн ээжийг урлагийнхан мэднэ дээ. Ш.Долгор гэж хүн байсан. Бөмбөгөр ногоон гэж байхад уран сайханчдын нэг нь байсан. Одоо ч мэдэх хүн бараг байхгүй болж байна даа. Насаараа л урлагийнхны дунд, амьдрал, хувь заяатай холбогдож явжээ. Эмээтэй ойр дотно, манайд ирдэг байсан хүмүүсээс хамгийн сүүлд ардын жүжигчин Ж.Гантөмөр гуай өөд боллоо. Л.Цогзолмаа гуай бас их орж гардаг байсан даа. Гарал үүсэл гэвэл Увсынх. Харин ээжийн аав маань П.Дармаа гэж Гадаад хэргийн яам байгуулагдах үед хувь нэмрээ оруулж явсан хүн байсан. Бүх амьдралаа энэ байгууллагад зориулсан. Энэ өвөө маань Дундговийнх.
-Тэгэхээр таныг гарал үүслийн хувьд Дундговь, Завхан, Хөвсгөл гээд олон нутагтай холбож болох нь ээ?
-Намайг харин хүмүүс шоолоод байдаг юм. Энэ Цолмон хаана ч очсон зохицоод, тэндхийнх болоод хувирчихдаг гэж. Миний удам судар байгаа нь л энэ шүү дээ. Манай эмээ буюу мэргэн гүн Гомбожавын удмынхан бол үе дамжсан сэхээтэн улс. Ээжийн талынхан бол малчин гаралтай сэхээтнүүд.
-Өвөө, эмээгийн дэргэд өссөн хүүхдүүд цаанаа нэг зөв хүмүүжсэн байдаг. Таны тухайд буурлуудаасаа ямар зан чанарыг нь өвлөж авсан бэ?
-Зааж сургаж байсан алтан сургаалыг сонсож байсан боловч яг мөрдөж байгаагүй юм шиг байна лээ. Одоо өөрийгөө зэмлэж байдаг юм. Залуу хүн чинь бас тэгж их сургаалыг нь сонсоод, дагаж мөрдөөд байдаггүй юм байна. Өөртөө их итгэлтэй, бардам, өөрийнхөөрөө явах дуртай байж. Сүүлд бодох нь ээ, өвөө эмээгийн хэлж ярьж байсан бүхэн алтан сургаал байж дээ гэж орой руу орж байна.
Тосонцэнгэлд байсан эмээ минь асар их тэвчээртэй, хүнд муугаа үзүүлэх дургүй хүн байсан. Уйлдаггүй, өрөвдүүлэх дургүй, зовлонгоо хүнд харуулахыг хүсдэггүй, асар их сэтгэлийн хаттай хүн байж. Хатуу биш мөртлөө сэтгэлийн хаттай тийм л хүн байсан. Тэгсэн мөртлөө ямар их даруухан хүн бэ гэж олны гайхлыг төрүүлдэг. Тэр үед өвөө Завханы Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинатын дарга байлаа. Дарга хүн учраас өрөөнийх нь гадаа олон хүн уулзах гээд дугаарлаад сууж байдаг. Тэр үед эмээ ч бас олны дунд орчихсон хүлээгээд сууж байдаг байсан тухай хожим нутгийнхнаас нь сонсож байлаа. Эмээ ер нь их боловсролтой хүн байсан, эдийн засагч мэргэжилтэй.
Би нэг зүйлийг их тод санадаг юм. Юу вэ гэхээр үдийн цайны цаг болохоор эмээ түрүүлээд явган шогшоод хүрээд ирдэг. Өвөө араас нь машинтайгаа ирнэ. Уг нь тэр хоёр нэг дор ажилладаг байсан юм. Буцаж явахдаа бас эмээ түрүүлж гараад алхана. Өвөө араас нь машинтайгаа гардаг. Машинд нь суудаггүй, тийм сонин даруухан хүн байлаа. Миний санаанд тод үлдсэн энэ дурсамжаа эгчдээ хэлэхээр манай эгч бүүр сонин зүйл ярьдаг юм. Аавыг улс төрийн товчооны гишүүн байхад эгч аавын машинд суугаад явж байж. Тэгсэн автобусны буудал дээр ээж зогсож байхад нь хажууд нь очиж хаалгаа онгойлгон хэд гурван зүйл ярилцаад буцаад явчихсан гэсэн.
-Онцгой даруухан хүний л зан байж дээ?
-Хүмүүс их л даруухан хүн байсан гэж ярьдаг юм. Уг нь эмээ ноён гаралтай хүн шүү дээ. Тэр утгаараа эрх ямбатай баймаар. Гэтэл тийм байгаагүй. Сүүлд би энэ тухай их ухаантай хүнд ярьтал \”Наадах чинь даруу зан уу, агуу их бардам зан уу” гэж байсан. Машин унаахан зэрэг жижиг сажиг юманд даргын авгайн том ямба үзүүлж таашаал авдаггүй агуу их бардам зан юм биш үү гэж байлаа. Энэ эмээгээсээ тийм зан авсан юм уу, би бас аливаа зүйлд уйлж унжаад байхыг хүсдэггүй. Эмэгтэй хүн учраас уйлах үе гаралгүй яахав. Гэхдээ хүний хажууд нулимсаа үзүүлэх зан миний хүмүүжилд байхгүй. Мэдээж хэрэг өрөвдөж, эсвэл баярлаж уйлалгүй яахав. Ийм зүйл дээр хэний ч хажууд байсан хамаагүй нулимсаа гаргачихна. Харин намайг гишгэж, зориуд шударга бусаар дарах гэж байгаа бол уйлахгүй.
Нөгөө эмээ маань дээд зэргийн халамжтай. Гэрт нь ороход л халамж мэдрэгдэж байдаг. Миний охин өлсөж байна уу гэж эхлээд л оймс хүртэл тайлж өгнө. Оройд шар тос, сүүлний тосоор тосолдог. Үр хүүхэд, орсон гарсан хүнийг их л халамжилдаг байж. Бас эмээгийн өвөрт унтах их гоё.
-Сурагч байхдаа ямархуу охин байв?
-Би их олон сургууль дамжсан. Нэгдүгээр ангид орохдоо Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар дунд сургуулийн сурагч болсон. Гуравдугаар ангидаа Завханы Тосонцэнгэлийн арван жилийнх нь сурагч болж байлаа. Дараа нь нийслэлийн нэгдүгээр сургууль, орос сургууль гэхчилэн явж өгсөн. 14 дүгээр сургуульд аравдугаар ангиа төгсөж байлаа. Ер нь хот, хөдөөгийн арван жилийн сургуулиуд ямар байдгийг ёстой нэг өөрийн биеэрээ туулж мэдэрсэн дээ.
-Их сургуульд байхдаа бас шилжсэн гэдэг биз дээ?
-Тэгсэн шүү. Би ёстой нэг нүүдэлчин шиг амьдарч яваа хүн. Эхлээд Тюмень хотын их сургуульд санхүү, эдийн засгийн мэргэжлээр суралцсан. Дараа нь шилжээд Москвагийн Плехановын нэрэмжит сургуулийг төгссөн.
-Таныг олон талын мэдлэг, авьяастай гэдэг. Гадаад хэлтэй, ном их уншдаг, уран зураг сонирхдог, хөгжим тоглодог гээд л…
-Төгс хүн гэж байхгүй шүү дээ. Надаас их мэдлэгтэй, боловсролтой хүн Монголд олон бий. Би өөрийгөө бусдаас илүү гэж бодохгүй байна. Яахав юм юманд сонирхолтой зан бага байхаас л байсан. Ээж намайг дагуулаад театр руу их явдаг байлаа. Харин аав намайг өргөн цар хүрээтэй, эрдэм мэдлэгтэй болгох гэж анхаардаг байсан. Өвөө эмээ, аав ээжийн нөлөөгөөр сониуч зантай болчихсон шиг байгаа юм. Нэг алдартай үг байдаг шүү дээ.
Аливаа хүн, ялангуяа өөрийгөө боловсролтой гэж үзэж байгаа хүн нэг зүйлийг төгс эзэмшээд бусад бүх юмны талаар бага зэрэг мэдэх ёстой гэж. Төгс гэдэг нь өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг сайн эзэмшээд бусдыг нь сонирх гэж байгаа юм. Энэ чинь л амьдралыг баяжуулж байдаг. Заавал тэгж бүхнийг мэддэг, мундаг хүн болох гээд хэрэггүй. Хөгжмийн, уран зургийн ертөнц гэдэг чинь бүгдээрээ нэг, нэг том цонх гэсэн үг. Хүн хичнээн их цонх онгойлгоно тэр хэрээр амьдрал баялаг болно. Нэг төрсөн амьдралдаа юу ч мэдэхгүй сохор, өөрт оногдсон жижигхэн ертөнцтэйгөө зууралдсаар байгаад бусад сайхан зүйлийг олж мэдэхгүйгээр үхчихвэл харамсалтай.
-Нөхөртэйгөө танилцаж байх үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу. Гэр бүлийн амьдралаа тухайн үед төлөвлөж, төсөөлж л байсан байх?
-Тэр үед буюу 1980-аад оны дундуур нэг төрлийн моод байлаа. Коммунист социалист орнуудад системийнхээ сөрөг, эсвэл дутагдалтайг олж харах нь нэг талдаа их гайгүй болчихсон сэхээтний хэмжүүр байлаа. Нөгөө талаасаа эр зориг, зарим хүмүүсийн хувьд моод ч юм шиг байж. Тэр утгаараа янз бүрийн хэлбэрээр болохгүй ном, зохиолыг бие биедээ тараадаг байсан. Миний хувьд хэлмэгдэл гэж юу байдгийг жаахан байхаасаа мэднэ.
Мэргэн гүн Гомбожав гэж хүнийг буудан алж байлаа. Саяхан цахим ертөнцөд хэлмэгдсэн, үгүй гэж янз бүрээр л бичиж байна лээ. Хэлмэгдсэн, хэлмэгдээгүй гэдгийг цуг амьдарч байсан биднээс илүү хэн мэдэх вэ дээ. Гэтэл янз бүрийн хар пиарын төлөө бүхэл бүтэн хүний хувь заяаг шүүнэ гэдэг утгагүй. Тэр утгаараа хүн хэлмэгдүүлдэг нийгэмд шүүмжлэлтэй хандах ёстой юм байна гэж бодож байсан. Ганцхан манайх биш зөндөө олон айл хэлмэгдлийн шуурганд өртсөн. Шөнө үүрээр Оросын хар машинууд ирдэг байсан гэсэн. Бидний хэзээ ч давтагдахгүй байгаасай гэж бодож явсан тэр үе өнөөдөр, очиж очиж ардчилсан нийгэмд давтагдаж байгаа нь аймар шүү.
Н.Энхбаярын хувьд тухайн үеийн Оросын хамгийн дэвшилтэт үзэлтэй сургуульд сурч байсан. Москва хотын утга зохиолын дээд сургуулийн багш нар нь их мундаг. Дан ганц утга зохиолоо заагаад дуусахгүй. Гүн ухааны агуулгыг ойлгуулдаг байсан. Тийм болохоор оюутнуудынх нь дунд тухайн нийгмийн болохгүй гэх зохиолууд тардаг байсан. Болохгүй байна гэж анх хэн дуугардаг байсан бэ гэвэл зохиолчид.
Манайд ч ялгаагүй шүү дээ. Р.Чойномоос эхлээд дуугарч байж. Н.Энхбаярын хувьд давхар тэр хүмүүжлийг авчихсан байсан болохоор нийгмийн зөв буруу, хүний ёс зүйг их мэдэрдэг байсан. Нэгэнт хүн болоод төрчихсөн юм чинь хүний хамгийн эрхэм чанар юу юм бэ, биеэ яаж авч явах ёстой, юуны төлөө яаж амьдрах, хэзээд баримтлах зарчим юу байх вэ гэхчилэн олон зүйлийг бид хоёр ярилцдаг байлаа. Олон зүйл дээр санал нийлнэ. Маргах үе ч зөндөө гарна. Тэгээд л хоёулаа юу ч бодолгүй амьдарч эхэлсэн. Нэг мэдэхэд улс төр гэх том эргүүлэгт орчихсон байсан даа.
-Монголын улс төрийг Н.Энхбаяргүйгээр төсөөлөхийн аргагүй он жилүүд байлаа. Тэр үеийг та өнөөгийн нийгэмтэй харьцуулахад ямар дүр зураг харагддаг вэ?
-Энэ асуултад би зуун хувь хөндлөнгийн нүдээр хариулж чадах эсэхдээ эргэлзэж байна. Яасан ч гэлээ би энэ хүний эхнэр нь шүү дээ. Н.Энхбаяртай хамгийн ойр байдаг хүний хувьд хэн бэ гэдгийг сайн мэднэ. Тийм учраас түүнийг магтаад байх утгагүй. Эхнэрийн хувьд би тэртээ тэргүй магтана гэдэг ойлгомжтой. Харин хөндлөнгөөс Н.Энхбаярыг магтдаг хүн ч бий, шүүмжлэлтэй ханддаг хүмүүс ч байна.
Шүүмжилж байгаа хүнийг сонсохоор Н.Энхбаярын үед авлига, хээл хахуулийн бүх үндэс суурь тавигдсан гэдэг. Гэтэл түүнтэй хамгийн ойр байдаг хүний хувьд Н.Энхбаяр баяжихын төлөө, эд хөрөнгөд шунаж эх орноо байтугай өөрийгөө ч худалдахгүй хүн гэдгийг мэднэ. Ёс зүйн хувьд өөртөө маш өндөр шаардлага тавьдаг. Ер нь өөртөө өндөр шаардлага тавьж байж, өөрөө түүнийгээ сахиж байж бусад хүнээс тийм зүйл шаардах ёстой. Тийм зарчимтай хүн хэзээ ч буруу зүйл хийхгүй. Хамгийн гол нь бусдыг өөр шигээ бодоод байдаг. Одоо л харин бусад хүн тийм биш байдаг юм аа гэдгийг ойлгож байгаа байх. Ер нь хүн болгон холимог шүү дээ. Ямар ч хүний дотор бурхан болоод чөтгөрийн шинж чанар нуугдаж байгаа. Цагаан тал нь илүү давамгайлсан хүн бусдын цагааныг л олж харна. Хар тал нь илүү давамгайлж байвал муу муухайг нь л хараад байдаг. Н.Энхбаяр бол цагаан тал нь давамгайлсан хүн. Тийм болохоор итгэмтгий, хүн таньдаггүй гэх яриа гараад байдаг. Тэр чинь итгэмтгийдээ биш юм. Хүн болгоны цагааныг л олж харж байгаа хэрэг. Юу нь муу байгаа юм бэ. Би тэрийг дутагдал гэж харахгүй байна.
-Та гэр бүлийн хүнээ анх улс төрд ороход нь гэргий хүний хувьд юу бодож, хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Цоо шинэ зүйл гэж хүлээж аваагүй. Манай гэр бүл улс төрийн хэлмэгдүүлэлттэй ойр байсан гэж түрүүн ярьсан. Би өөрөө улс төр, эдийн засгийн ухааны багш байхдаа янз бүрийн ном уншина. Эцсийн эцэст бидний амьдрал яаж ч байсан улстөрчдөөс шалтгаалаад байна. Ямар нийгэмд амьдрах, хаана эрх чөлөөгөө эдлэх, хэрхэн өөрийгөө бүрэн дайчлах вэ гээд олон зүйл улс төрөөс хамаарч байгаа. Нийгэм нь өөрөө буруу байвал ямар ч гоц хүнийг задалж чадахгүй, нэг их гоё зулуудыг бөхөөгөөд байна. Харин Н.Энхбаярыг улс төрд ороход нь би юу ч бодоогүй.
П.Жасрай гуай Н.Энхбаярыг дуудаад өөрийнхөө Засгийн газарт орж ажиллахыг урьсан. Гэртээ ирээд надтай зөвлөхөд нь соёл урлагийн салбартаа ажиллах тул чадахгүй гэх биш, ажиллаад үз л гэсэн. Тэгээд ч залуу хүн урагшаа л тэмүүлнэ. Халгаад, айгаад байх зүйлгүй. Шууд сайд бол гэсэн бол мэдээж хэрэг бодох байсан биз. Тухайн үеийн соёл урлагийн хорооны дэд даргаар ажилласан. Улс төрд гэнэтхэн ороод ирсэн хүн биш шүү дээ. Доод шатнаас нь эхлээд явж болох бүхий л замналаар явж байна.
-Нөхөр тань төрийн тэргүүн болж та тэргүүн хатагтай болсон. Тэр бүр эмэгтэй хүнд тохиогоод байх хувь заяа биш шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?
-Зарим хүн дарга, сайд болчихоод таашаал аваад байдаг. Надад ерөөсөө тийм мэдрэмж байдаггүй юм аа. Янз бүр болж хүлээж аваагүй. Миний л хувь заяа. Яагаад тэгж их таашаал авах ёстой гэж. Надад ирж байгаа их өндөр хариуцлага шүү дээ. Би тэгж их сүйд болоогүй. Хүмүүс янз бүрээр л боддог шиг байгаа юм. Тэргүүн хатагтай байлаа, дараа нь Н.Энхбаяр шоронд орлоо. Өндрөөс доошоо уналаа гэж хардаг. Энэ бүхнийг би хэвийн хүлээж авдаг. Миний л амьдрал шүү дээ. Харин ч их баялаг амьдрал юм биш үү. Бид хоёр шиг ийм амьдралаар амьдарч байгаа хүн тийм олон биш байх аа.
-Н.Энхбаярыг төрийн тэргүүн байх үед таныг ард нь байгаа гэж ярьдаг байсан. Гэтэл П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн гэргийг тэгж ярьдаггүй. Яагаад тийм яриа гардаг байсан юм бэ?
-Бид хоёрыг, тэр дундаа Н.Энхбаярыг гүтгэх, харлуулах пиар олон жилийн өмнөөс зохион байгуулалттай хийгдсэн юм билээ. Түүнд хамгийн ойр байгаа хүний хувьд би хамгийн түрүүнд багтаж байгаа нь ойлгомжтой. Н.Энхбаярыг Зохиолчдын хороонд ажиллаж байх үеэс нь л манай гэрээр олон найз нөхөд нь орж гардаг байлаа. Тэр үед би зүгээр л цай оруулж тавьчихаад юу яриад байгааг нь ойлгохгүй цааш явчихдаггүй байсан. Угаасаа миний мэддэг сэдвээр ярилцаж байгаа учраас надад их ойр, сонирхолтой санагддаг байж. Тиймээс хамтдаа суугаад санаа бодлоо хуваалцаад явдаг байсан. Тэрнээс хойш хариуцлагатай албан тушаалд очсоноос нь хойш би бүх зүйлд нь оролцоод, үгийг нь таслаад байсангүй. Хүмүүс уг нь мэднэ дээ.
Би дуугүй л сууж байдаг байсан. Яагаад тэгж ярьдгийг би мэдэхгүй юм. 2000-2004 онд буюу хамгийн хүчирхэг бай үед нь би нэг ч дарга, сайд, гишүүн рүү хувийн асуудлаар утасдаж, ярилцаж үзээгүй. Тэрийг ажилд оруулаад өг, эсвэл тэр ажлыг бүтээгээд өг гэж байгаагүй. Гэтэл Н.Энхбаярын ард Цолмон бий гэх яриа гараад л байдаг юм. Гэхдээ нэг гэр бүлийнхэн бүгдээрээ бие биенийхээ ард байдаг биз дээ. Ханилсан ханийнхаа ард зогсох нь яагаад буруу гэж. Ядраад ирэхэд нь яасан, зүгээр үү гэж асуух хань нь би шүү дээ. Ард нь байхын төлөө л ханилж байгаа биз дээ. Энэ бол зүгээр л хань хүний шинж. Чи ч гэсэн санах юм бол аав ээж чинь нэг нэгнийхээ ард зогсож л байсан байж таараа. Яахав, жаахан дээшээ гарчихаар хүний амьдрал хэтэрхий тод болчихдог. Яг л томруулдаг шилээр харж байгаа мэт.
Түүнээс биш энгийн айлд эхнэр нь нөхрөө залах тохиолдол байж л байдаг. Тэрийг нөхрийнхөө ажилд оролцдог гэж ойлгож болохгүй биз дээ. Тэр байтугай нөхөртөө пээдгэр хүмүүс байдаг л юм билээ. Би Н.Энхбаяраас эмээнэ. Урдуур нь орж ярих, яриаг нь тасалбал намайг загнана. Тэр байтугай би зэрэгцэж ч явдаггүй байсан. Одоо бол сайхан хамтдаа сугадалцаад явж байна. Түүнээс биш төрийн алба хашиж байхад нь дандаа хоёр алхмын хойно явдаг байлаа.
-Ажилд нь оролцдоггүй гэж ярьж байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар та нөхрийнхөө нэр дэвших гэж байсан тойрогт өөрөө дэвших гээд явж байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Сайн ч үед, муу ч үед хүний хань гэдэг дуустлаа цуг явах ёстой. Манай намынхан \”Цолмон эгч ээ, өнөөдрийн байдлыг харахад хуулийг ингэж урвуулаад даргыг өрсөлдүүлэхгүй гэж байна. Энэ янзаараа даргын хэлмэгдлийг зогсоохгүй нь. Анхнаасаа та хамтдаа тэмцсэн ханийн хувьд тойрогт нь өрсөлд. Гаднаас нь, гудамжинд тэмцээд амжилт олохгүй” гэсэн. Тэр л надад нөлөөлсөн. Би СЕХ-нд сонголт байсан гэж үзэж байгаа. Цагдаагийн газрын шийдвэрийг үндэслэх үү, Хүний эрхийн комиссынхныг дагах уу гэсэн хоёр сонголт байсан. Гэтэл сонголтоо ингэж хийсэн.
-Н.Энхбаярыг өш хонзонгоо авахын тулд улс төр рүү зүтгээд байна гэдэг. Үнэхээр тийм их хонзон байна уу?
-Тэмцэл гэдэг бол өш хонзон санах зүйл огт биш. Ямар ч өш хонзон байхгүй. Бидний нийгэмд яагаад ийм зүйл тохиолдсон юм бэ. Нийгэмд тогтчихсон байсан хууль дүрэм, уур амьсгал ийм учир дутагдалтай байсан юм байна даа. Сайн биш хүмүүс өөрийнхөө хувийн эрх ашигт нийцүүлж сайн биш үйлдэл хийх боломж, нүх, зай байсан юм байна. Тэрийг ашиглаад муухай зүйл хийж байна. Хамгийн аймшигтай нь үүнийг ашиглаад дараа дараагийн үедээ жишиг болгочих вий дээ. Бидэнд ямар ч өш хонзон байхгүй. Өш хонзон гэдэг муу зүйл хийсэн хүний муу үйлдлийг улам лавшруулж байна гэсэн үг. Хэрвээ өш санавал тэр хүний хийсэн муу зүйлийг улам баталж байгаа хэрэг. Зүгээр л өөр хүнд, бие биедээ муу зүйл хийхгүйгээр засах ёстой. Ингэж чадвал жинхэнэ ялалт. Хувь хүнээс өш хонзонгоо авч байна гэдэг тэр хүнтэй адилхан болчихож байна гэсэн үг. Давах ёстой, муу зүйл хийсэн хүнийг өрөвдөх ёстой. Дотроо атгаг санаатай хүн уужуу, аз жаргалтай амьдарч чадах уу.
-Таны хувьд УИХ-д нэр дэвшинэ гэдэг гэнэтийн шийдвэр байв уу?
-Би СЕХ миний нөхрийн хувьд шударга шийдвэр гаргана гэж горьдож байсан. СЕХ-нд ажиллаж байгаа дөрвөн хүнийг нэлээн сайн танина. Заримтай нь цуг ажиллаж байсан, заримтай нь найзалж байлаа. Тийм хүмүүс ийм шийдвэр гаргаж байна. Тэд муу хүн биш, тэнэг биш. Гэтэл хүн гэдэг нийгмээ дагаад муухай болчихдог юм байна. Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй гэхэд намынхан маань аргагүй байдалд хүрлээ, танд л боломж байна гэсэн.
-Харин Н.Энхбаяр танд юу гэж хэлсэн бэ?
-Хоёулаа яах вэ гэж байсан. Манайхан дэвш гэхэд харин ээ гэж байснаа сүүлдээ дэвш дээ гэсэн.
-СЕХ-г шийдвэр гаргахаас өмнө Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан өлсгөлөн зарласан. Танай гэр бүл өвдөхийн зовлонг мэднэ. Тэр утгаараа санаа зовж байв уу?
-Хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Эрүүл мэндэд нь санаа зовж байсан. Санаа зовлоо гээд боль гэж хэлж чадахгүй. Өөрөө нэг зүйлийг шийдээд тогтчихсон байхад нь би дундуур нь орвол уурлана. Өөрийнхөө тэмцлийг өөрөө мэдээд хийж байгаа болохоор дундуур нь орж чадахгүй. Ус сайн уугаарай, сайн унтаж байгаарай, биеэ бодоорой гэж хэлэхээс өөр ямар ч арга байхгүй. Манай Н.Энхбаяр зоригтой, хийморьтой. Тэрийг нь мохоохгүйн тулд эр хүний өөрөө өөртөө итгэх итгэлийг нь бадрааж өгөх хэрэгтэй.
-Та улс төрд орсноор юуг өөрчилж чадах юм бэ. Юуг өөрчилье гэж бодож байна?
-Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр би тэрийг яримааргүй байна. Би юунд хамгийн их эмзэглэж байна вэ гэвэл манай монголчууд их эвдэрч байна. Би үүнд хамгийн их эмзэглэж байна. Миний залуу үед, 1990-ээд оны эхэнд хүмүүс ямар байлаа даа. Одоогийн улс төрийн өнгийг зааж байгаа улстөрчидтэй бид нэг үеийнхэн. Тэр хүмүүс залуудаа ямар байсныг нь би мэднэ. Ийм байгаагүй. Залуу хүний ёсзүйтэй, сайн мууг ялгадаг, хүн чанартай, өөрийн гэсэн зарчимтай байсан. Бүгд л тийм байсан. Гэтэл одоо танихгүй болтол өөрчлөгдчихөж. Яхир, харгис, зуумтгай, өршөөлгүй, их муухай болчихсон байна.
Хоёрдугаарт, залуус миний залуу байх үеийнхээс өөр болчихож. Амьдралын үнэт зүйлс нь арай өөр болж хэлбийгээд өнгө мөнгийг гол зорилгоо болгочихсон байна. Хамгийн чухал нь л энэ гээд ойлгочихсон. Уг нь монгол хүн өр зөөлөн байдаг даа. Монголчууд цөөхүүлээ байж ингэж хурдан эвдэрч байгаад их эмзэглэх юм. Өөр аль нэг улс шиг олуулаа байсан бол өөр хэрэг. Гэтэл өнөөдөр яаж бие биетэйгээ харгис хандаж байгааг нь хар л даа. Нэгийгээ идэхэд бэлэн байна. Саяхан шүү дээ, 20 жилийн өмнө Н.Энхбаяртай найз гээд явж байсан хүмүүс өнөөдөр амийг нь таслахад бэлэн байна. Таслах ч гэж байсан биз дээ. Зарим нэгнийх нь хөх инээд хүрээд л. Хажуудах нөхрөө хайрлаж чадаагүй хүн яаж ард түмнийг хайрлах юм бэ. Ард түмэн гэдэг дунд энэ нөхөр явж л байгаа шүү дээ.
-Та мөрийн хөтөлбөрөө боловсруулсан уу. Н.Энхбаярын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү. УИХ-ын сонгуульд бэлэн үү?
-Мөрийн хөтөлбөр гэх мэт бүхий л зүйлээ нөхөртэйгөө зөвлөлдөж хийнэ. Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд л зүтгэнэ шүү дээ. МАХН-ын мөрийн хөтөлбөр, өөрийнх нь бодлого явж байгаа. Үүнд Н.Энхбаярын, бас бусад гишүүдийнх нь үзэл бодол багтсан. Тэгэхээр би мөрийн хөтөлбөрөө нөхөртэйгөө л зөвлөлдөж байж гаргана.
Эрх чөлөөний талбайд болсон өлсгөлөнгийн үе. 2016.05.29
-Танай гэр бүл ер нь улс төр рүү орохгүй, ангид байж болдоггүй юм уу?
-Хэзээ?
-Одоо. Өнөөгийн нөхцөл байдалд. Н.Энхбаярыг одоо болиосой гэх хүмүүс бий шүү дээ?
-Эд өөрсдөө зуултаа тавихгүй байгаа. Улс төр рүү орохгүй байж болохгүй байдалд оруулаад байна. Та нар бүх зүйлийг мэдэхгүй байгаа шүү дээ. Больчихоосой гэж ярьж байгаа хүмүүс ил харагдаж байгаа хөшгийг л харж байгаа болохоос цаана юу болоод байгаа мэдэхгүй. Хүмүүс Н.Энхбаярыг бүх албан тушаалд очсон, одоо болоо юм биш үү гэдэг. Харин тийм ээ, бүх албан тушаалд үзчихсэн учраас шунахгүй байна. Бүх зүйлийг үзсэн учраас одоо юунд ч шунахгүй. Уг нь бүгдийг үзчихсэн болхоор одоо ямар ч сонирхол байхгүй. Нийгэм, түүнийгээ дагаад хүний ёс зүй, ёс суртахуун гээд бүх зүйл илжирч, нурж байгаа үед энэ олон жил улсыг удирдсан хүн надад ямар хамаатай юм бэ гээд явчихаж болох юм уу. Тийм ёс суртахуун байхгүй. Чадахгүй байгаа юм чинь.
-Та эхнэр хүний хувьд гэр бүлээ аваад гадаадад ч юм уу чих амар тайван амьдаръя гэж бодож үзсэн үү?
-Үгүй, би хэзээ ч Монголоосоо явахгүй. Энд миний бүх зүйл байгаа. Өвөө эмээгийн минь шарил энд бий. Бид нэг охиноо алдсан. Охин минь энд байгаа. Би хэзээ ч зугтахгүй. Монголоо буруу зүгт чирч яваа хүмүүсийн идүүрт эх орноо үлдээгээд явах юм уу. Тэгвэл миний өвөөгийн, элэнц өвөөгийн, Н.Энхбаярын хэлмэгдүүлэлт үнэ цэнгүй болно. Ядахдаа ямар нэгэн зүйлийн төлөө хэлмэгдье л дээ. Ямар нэгэн үр дүн гараг. Бид хэлмэгдсэн ч гэлээ үр хүүхэд, Монголын ирээдүйд үлдэх уур амьсгал эрүүлжих үнэ цэн байвал гоё байна. Живж байгаа онгоцноос амиа бодоод хархнууд шиг зугтах юм уу.
Тэгж болохгүй. Бид хувь хүн зөвхөн өөрийгөө боддог заагийг аль хэдийн алхаад гарчихсан байна. Хамгийн сонин нь ямар ч албан тушаалгүй ийм удаж байгаа Энхбаяр хар амиа боддог зангаа аль хэдийнээ алхаж гараад бусдыг боддог хэмжээндээ оччихсон байхад том албан тушаалтай хүмүүс одоо болтол хувь хүнийхээ зааган дээр л байгаад байгаа нь их сонин.
-Саяхан олон улсын байгууллагынхан МАХН-тай уулзаж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ер нь танай гэр бүл тулгамдаж буй асуудлаар олон улсын байгууллагад хандахгүй юм уу?
-Олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Дотроо шийдээд олон улсад муугаа үзүүлэх хэрэггүй юм. Мөн эрх баригчид өрсөлдөгчдөө хилс хэрэг үүсгэж, шорон оронд хийж өөрсдийнхөө замыг засдаг арга нь ганц Монголд болж буй хэрэг биш. Дүр эсгэсэн ардчилалтай, муу улс төрийн түгээмэл арга юм билээ. Яахав хүлээж л байя. Жижигхэн монгол сул талаа олон улсад дэлгээд байвал хоёр аварга гүрний дунд яах билээ. Яаж ийж байгаад дотроо л учраа олъё. Болох байлгүй дээ. Манай монголчууд бүгдээрээ толгой нь эргэчихсэн биш шүү дээ.
-Одоо танай гэр бүл ямар орлогоор амьдарч байна вэ?
-Бидний хэрэгцээ их бага. Надад гэхэд өөрийн унаа байдаггүй. Ээжид ах дүүсийнх нь арав гаруй жилийн өмнө өгсөн унааг ээлжилж унаад хүнсээ цуглуулж байгаа. Хүмүүсийн хэрэглэдэг шиг сүрхий том жийп машинууд байхгүй. Хоол, байрныхаа мөнгийг л төлөөд явж байвал илүү хэрэгцээ хэрэггүй.
-Арай л үнэмшилгүй сонсогдож байна шүү?
-Итгэхгүй байгаа хүмүүс нь ирээд л үзнэ биз. Гэхдээ хүмүүс итгэх, итгэхгүй нь хамаагүй. Манайхыг 2009 оноос хойш далдуур зөндөө судалсан шүү дээ. Гадаад дотоодгүй шалгасан. Энд тэнд янз бүрийн данс байна уу, илүү байр сав байна уу гэж их ухсан. Харин 2012 оноос хойш ил байдлаар хоёр, гурван удаа нэгжлээ. Ганц манайхыг биш манай ээжийнхийг битүүмжилж бүгдийг нь шалгаж, ухаж төнхсөн.
-Иймэрхүү зүйлийг хөгшчүүл хүлээж авахад хэцүү байдаг байх?
-Яадаг ч байсан тэд манай хэдэн хөгшний насыг богиносгосон. Үүнийг нүгэл гэж үзэх юм уу, юу гэж үзэх юм мэдэхгүй. Нэг, хоёр жилээр илүү бидэндээ харагдах насыг нь богиносгосон байх. Аймшигтай зүйл үзүүлж, нулимсыг нь их ч урсгасан даа. Яахав, тэгээд буянаараа болох биз дээ.
-Танайх их бурханлаг айл. Бурхны шашныг яагаад тийм гүн биширдэг юм бэ?
-Бурхны шашин гэдэг зүгээр нэг сохор сүсэг бишрэл биш. Маш том амьдралын шинжлэх ухаан юм. Бүх зүйл шинжлэх ухаантай. Тиймээс бидний амьдрал яагаад шинжлэх ухаантай байж болохгүй гэж. Бидний амьдралын шинжлэх ухаан бол буддын шашин. А.Эйнштейнийг агуу их физикч гэдгийг чи хүлээн зөвшөөрөх үү.
-Зөвшөөрнө.
-Тэр хүн еврэй гаралтай, Швейцарьт амьдардаг хүн байсан. Энэ хүн амьдралынхаа сүүлийн үед буддизмд орсон. Бүр харьцангуй онол гэх мэт агуу онолуудыг нээснийхээ дараа шүү дээ. Түүний хэлсэн үг нь хүртэл байдаг. \”Алсын ирээдүйд хүн төрөлхтөн од гараг эрхсийг эзлэх үед ямар нэгэн шашин байх юм бол тэр нь буддизм л байна байх даа” гэсэн байдаг. Яагаад гэвэл буддизм өөрөө агуу их шинжлэх ухаан. Сохор сүсэг ерөөсөө биш. Шинжлэх ухаантай хамгийн ойр шашин учраас би буддизмыг хүндэтгэдэг.
-Оны дараахан \”Херо” энтертайнмэнтийн \”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэг цацагдсан. Танд ямар санагдсан бэ?
-Мэдээж сайхан санагдаагүй, муухай л байж таарна. Хоёрдугаарт, нууцаар бичлэг хийсэн нь ойлгомжтой байсан л даа. Би төгөлдөр хуураар нэг ая дарсан даа. Тэрний дараа бүгдээрээ суугаад их ажлын ард гарлаа гээд айраг ууцгаасан юм. Сайхан санасан биш муухай зүйл болсон доо. Шууд гаргаад явуулчихдаг байж (инээв). Гуравдугаарт, фулт хэрэглэсэн ч юм уу даа гэж бодогдсон. Алдагдсан гэх бичлэгүүдийг үзэж байхад надад аймшигтай санагдаад дуусгаагүй. Гэхдээ би их айхтар үг хэлсэн байна лээ, тийм ээ. Аймар их хор найруулна гэж.
Тэр үеийн бичлэг тасарсан юм уу, эсвэл санаатайгаар тэгж тасалсан юм уу бүү мэд. Тэр ярианы үргэлжлэл нь ийм байсан юм аа. Би хэнээс ч илүү хор найруулж чадна. С.Баяраас ч илүү, Ц.Элбэгдоржоос ч илүү хор найруулж чадна. Чи ч чадна, та нар бүгдээрээ чадна, хэн ч чадна. Яагаад гэвэл хор найруулж, муу зүйл хийнэ гэдэг тийм хэцүү зүйл биш. Муу зүйл хийхэд онцгой авьяас, ур чадвар шаардахгүй. Зүгээр л зарим хүнд муу зүйл хийх сэтгэл байдаг. Зарим хүмүүс чадах байсан ч хийдэггүй байхгүй юу. Тийм сэтгэл байхгүй. Энүүгээрээ л ялгаатай. Зарим хүмүүс муу зүйл хийхээс жигшдэг, өөрийгөө хүндэлдэг. Түүгээрээ л ялгаатай. Түүнээс биш \”яая тэр ямар мундаг хор найруулдаг юм бэ” гэж ярьдаг хүнийг ойлгодоггүй. Тийм зүйл мундаг биш ээ гэж ойлгуулах гэж байсан царай минь тэр. Баахан залууст тэгж тайлбарлаж байсан хэрэг.
-Тэр бичлэг алдагдсанд хэн буруутай гэж боддог вэ?
-Хэн буруутайг тодорхой сайн мэдэхгүй байгаа. Ямар ч сонирхол алга. Судлаад явах сонирхол, зав ч байхгүй. Иймэрхүү зүйл надад шинэ биш. Н.Энхбаяр бид хоёрыг иймэрхүү байдлаар олон жил гүжирдэж, гүтгэж байна. Ээлжит нэг гүжирдлэг, хар пиарын нэг байсан.
-Та энэ бүхнээс шантардаг уу?
-Худлаа юм чинь дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг бий. Хэзээ нэгэн цагт бүх үнэн ил болно. Өнөөдөр биш гэхэд хэзээ нэгэн цагт дэнслэгдэнэ. Ер нь тэгээд бага багаар ил болоод л байна. Цаашид илүү олон зүйл мэдэгдэнэ. Цаг хугацаа миний өмнөөс үнэн худлыг ялгаад өгнө. Тийм учраас үүнд шаналаад, шантраад яах ч билээ. Ний нуугүй хэлэхэд бүх улстөрчдийн эхнэрүүдээс хамгийн их доромжлуулж байгаа хүн би байх шүү. Яг л Н.Энхбаярын нэгэн адил доромжлуулж, гүтгүүлж байгаа.
-Та салаад явчихъя гэж бодож байсан уу?
-Юу гэж дээ. Дөрвийн дөрвөн хүүхэдтэй хүн шүү дээ. Ялангуяа ядарч, зовсон цагт нь уу. Юу ярьж байгаа юм бэ. Н.Энхбаярт үнэхээр хэцүү байгаа. Н.Энхбаяр өлсөж байгаа, Н.Энхбаярыг шоронд хийсэн. Намайг биш.
-Шоронд байхад нь та их л тэмцсэн дээ?
-Тохиолдсон үйл явдлуудыг харахад Н.Энхбаярыг устгах гээд улайрчихсан байсан үе. Тэр нь илт харагдаж байсан. Би чадах ядахаараа хажуунаас нь салахгүй, хамгаалахыг бодож байсан. Н.Энхбаярыг аваад явахдаа мууруулж унагасан байна лээ. Хүн ойртоход ухаан алдана гэж байхгүй шүү дээ. Ойртонгуутаа нэг юм шахсан шиг байгаа юм. Өөрөө юу ч санахгүй, нэг сэрээд харахад машинд явж байсан гэж хэлсэн. Тэгээд ухаан алдуулаад аваад явж байгаадаа их бахдалтай байгаа юм л даа. Хүний зовлонгоор жаргал хийж өөрсдөө таашаал авдаг хүмүүс их үржээд байх юм. Шинэ залуус дөнгөж гарч ирээд л өө ингэж болдог юм байна гээд яг эдэнтэй адилхан замаар явна гэж бодохоор үнэхээр өрөвдмөөр.
-Хүүхдүүд тань энэ бүхнийг давж гарахад их хэцүү байсан байх. Одоо ч амар биш байгаа?
-Манай хүүхдүүд их хэрсүү болсон. Миний хувьд манайд маш том эмгэнэл тохиолдож байна гэж бодоогүй. Энэ бол зүгээр л амьдрал. Энгийн ард түмний дунд жинхэнэ зовлон үзэж байгаа хүн олон байгаа. Ил тод биш учраас бид мэдэхгүй байгаа. Хамаагүй их зовж байгаа зөндөө айлууд байна. Ажилгүй, мөнгөгүйгээс болж хоногийн бор хоолоо яах вэ, хэдэн хүүхдүүдээ яах вэ гэсэн зөндөө айл бий. Эсвэл үхэл хагацал зовлон нүүрлэсэн ч юм уу, зөндөө л айл байгаа. Эдний дэргэд энэ бол зүгээр л амьдрал. Амьдрал ийм л байдаг шүү дээ. Ямар ч зүйл тохиолдсон сэтгэл санаагаар унахгүй, гутрахгүй, хугарахгүй, эвдрэхгүй, дотроо муухай яхир болохгүй байх ёстой.
Н.Энхбаярыг шоронд байхад янз бүрийн ном их аваачиж өгдөг байсан. Бидний дайснууд биднийг хорлоход хорлолоо хорлолоо гэхэд дээд зэргийн хорлол нь юу юм бэ гэвэл зүрхэнд чинь үзэн ядах сэтгэл суулгах. Ингэж чадвал чамайг хорлож байна гэсэн үг. Чиний дайсан чамайг хорлоход үзэн ядах сэтгэл тээгээд байвал хамгийн ихээр хорлогдож байна гэсэн үг. Тэгэхээс тэг гэсэн юм шиг сэтгэлээ уужуу, цагаахнаар нь аваад явбал дайсан чинь намайг яа ч чадахгүй гэсэн үг байдаг.
-Ер нь Н.Энхбаяр эр нөхрийн хувьд, эцэг хүний хувьд ямар хүн бэ?
Манай нөхөр төрөлхийн дээд зэргийн тэсвэртэй хүн. Энхбаяр хүүхдүүдээ өөрийнхөө хүмүүжлээр хүмүүжүүлсэн. Хүүхдүүддээ их хайртай . Гэхдээ олон жил хариуцлагатай ажил хийж байсан болхоор гэртээ байж ахламжлаад байх зав байгаагүй нь ойлгомжтой.Гэхдээ би нөхрөөрөө, хүүхдүүд маань ааваараа бахархдаг.
Эх сурвалж: \”Зууны мэдээ\” сонин