Өнгөрөгч зун Ерөнхий сайд асан С.Баяр АТГ-т дуудагдаж байцаалт өгсөн гэх боловч даргын нь өрөөнд зургаан цагийн туршид хоол ундаар дайлуулж байгаад гарсан бичлэг цахим сүлжээгээр олон нийтэд хүрсэн. Томоохон авлигад сэжиглэгдсэн түүнийг АТГ-ын дарга Х.Энхжаргал өрөөндөө урьж, дайлсан нь тэрхэн зуур олны шүүмжлэлд өртсөн юм.
Тэрхүү байцаалтын бичлэг олонд хүрсэний дараахан бичлэгийг алдсан АТГ-ын ажилтан Х.Баярцогтыг ажлаас нь халах шийдвэр гаргажээ. Харин Х.Баярцогт ажилтан өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.
Өчигдөр тэрхүү гомдлыг Захиргааны хэргийн шүүхээр хаалттай авч хэлэлцжээ. Шүүхийн шийдвэр түүний талд гарч Х.Баярцогтыг ажилд нь эргүүлэн авах шийдвэр гаргасан байна.