Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл \”Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах тухай” А/480 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотод Ази-Европын хамтын ажиллагааны чуулга уулзалт зохион байгуулахтай холбогдуулан гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуй нэгж байгууллага, сайн дурын хүн хүчийг татан оролцуулж, тэдгээрийн үүрэг гүйцэтгэхэд шаардагдах тусгай зориулалтын хувцас хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллах юм.
Нийслэлийн гамшгаас хамгаалах албадын салбар төлөвлөгөөнд тодотгол хийж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, автотехник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газарт үүрэг болгов.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангахад шаардагдах зардал болох 79 сая 500 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа