Сар шинийн өмнөхөн Монголын Үндэсний Бөхийн холбооны маргалдагч талууд ойлголцолд хүрч, санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэд Үндэсний бөхийн холбооны тавдугаар “Их эе”-ийг хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товлоод байсан ч түр хойшлуулахаар тогтжээ. Учир нь, нэг талын ажлын хэсгийн ахлагч Х.Баянмөнх гадаадад сувилалд явсан байгаа гэнэ. Энэ талаар өчигдөр УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбат нар тохиролцсон байна.
Хэдийгээр энэ удаагийн “Их эе”-ийн тов цуцлагдсан хэдий ч хоёр тал харилцан зөвшилцөж Бөхийн өргөөний үйл ажиллагааг холбооны гүйцэтгэх захирал, Улсын заан Б.Сайнбаярын удирдлага дор явагдуулж байгаа билээ.