Австри улсын нийслэл Вена хотноо 2019 оны 2 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож байна.
Ассамблейн хуралдаанд ЕАБХАБ-ын гишүүн 57 улсын 300 орчим парламентчид чуулж, бүс нутагт тулгамдаж буй улс төр, аюулгүй байдлын сорилт бэрхшээл, эдийн засаг, хүрээлэн буй орчин хийгээд хүний аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж байна. Мөн бүс нутагт тулгарч буй зөрчил, мөргөлдөөнийг шийдвэрлэхэд ЕАБХАБ-ын үүрэг ролийг оновчтой ашиглах, авлига, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх сэдвээр тусгайлсан хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Ассамблейн өвлийн хуралдаан нь парламентчид ЕАБХАБ-ын гишүүн улсуудын гүйцэтгэх засаглалын төлөөлөгчидтэйгээ хамтран сорилт бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж ажилладагаараа онцлог юм.
Хуралдааны үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Италийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн, парламентын гишүүн Паоло Гримолди, Шведийн Гадаад хэргийн яамны Тусгай элч Кент Хэрштэдт нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, Ассамблей дахь парламентчдын харилцааг өргөжүүлэхийг хүсч байгааг илэрхийлж Италийн парламентчдыг Монголд айлчлахыг урив.
Эх сурвалж: ГХЯ