УИХ-аар ирэх оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын сайд нар 14 хоногт нэг удаа хэвлэлийнхэнд хуулийн төсөлтэй холбогуулан мэдээлэл өгч байгаа юм.
Энэ хүрээнд өнөөдөр /2021.10.26/ Сангийн сайд Б.Жавхлан болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар ирэх оны төсвийн төслийн талаар хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өглөө.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Манай улс урд хөрштэй хэвийн харилцаатай байгаа. БНХАУ ковидын үед маш чанга бодлого баримталж байгаа. Хэрэв гаднаас халдвар гарсан тохиолдолд төрийн албан хаагчтайгаа хариуцлага тооцоод явж байгаа юм билээ. Хариуцлага тооцуулсан 1000 гаруй албан хаагч бий. Тэгэхээр маш хариуцлагатай хандаж байна гэсэн үг” хэмээн ярилаа.