Монгол улсад жолооны үнэмлэхний хэвлэлт удааширсантай холбогдуулан жолоочийн түр үнэмлэхийг гурван сарын хугацаатайгаар олгож байгаа билээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын 3.3-д “Тодорхой шалтгааны улмаас /үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тасалсан, зогссон гэх мэт/ үндэсний жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгох боломжгүй үед Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаатай олгож болно” гэж заасан байдаг.
Энэхүү заалтыг үндэслэн Тээврийн цагдаагийн газраас шинээр жолооны үнэмлэх авч байгаа болон эрхээ сэргээсэн, хаяж гээсэн иргэдэд гурван сарын хугацаатай зөвшөөрлийг олгож байгаа юм байна. Мөн өөр улсад ажиллаж амьдрах, түр хугацаагаар оршин суух иргэдийн жолооны үнэмлэхийг пластикаар хэвлэн олгож эхэлжээ.
Жолооны үнэмлэхний хэвлэлт ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэвийн хэвлэгдэж эхэлэх гэнэ.