Төв аймгийн Заамар суманд орших уурхайн талбайд нуралт үүсч дөрвөн хүн дарагдсан талаар хүргэсэн билээ. Өнөөдрөөс тус уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” ХХК-ийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоосон байна. Тус уурхайд одоо ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-ийн ажлын хэсгүүд болон 20 аврагч, 2 нисдэг тэрэгтэй очиж ажиллаж байгаа гэнэ. Нурангид дарагдсан уурхайчид нь нэг экскаватор, нэг бульдозерт байгаа бөгөөд тус техникүүдийн операторууд гэнэ.
Компаний зүгээс хөрсний нуралт уурхайн ойролцоо хоёр хоногийн өмнө болсон 4.6 баллын газар хөдлөлтийн улмаас болсон гэж үзэж байгаа юм байна.
ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Газар хөдлөлтөөс болж хөрс нурсан гэж шууд хэлж болохгүй. Бид нарын ажиллаж буйгаар бол карьерийн хана нурж, ийм осол болсон байна. Түүнээс газар хөдлөлтийн нөхцөл байдалтай уялдуулж холбож болохгүй. Усны түвшин өндөр болохоор ажиллах нөхцөл байдал хэцүү байна. Дахиад нуралт үүсэх магадлал өндөртэй. Ер нь осолдсон жолооч нар амьд байх магадлал бага” гэж мэдэгдлээ.