Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг “Монголын зэс корпораци” хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй гэдэг мэдээллийг хийсэн. Мөн энэ хууль бус худалдан авалттай холбоотой Засгийн газрын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргаж олон нийтэд мэдээлнэ гэсэн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдэгдэлтэй холбогдуулан “Монголын зэс корпораци”-аас хариу мэдэгдэл хийлээ.
“Монголын зэс корпороци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:
“Нууцаас гаргалаа гэж мэдэгдээд байгаа тэр хурлын протколыг хоёр жилийн өмнө Засгийн газар өөрөө олон нийтэд ил болгосон. Төр системтэйгээр ард түмний тархийг угаадаг болсон байна. Манай компанийн хувьцааг төр хурааж авна гэсэн. Төр аль эрт хураагаад авчихсан шүү дээ. Ер нь бол энэ хувьцааг төр ч авах биш ОХУ-д буцах ёстой гэсэн байр суурь бий. Манай төр зөрим түшээд “энэ хувьцаагаа буцаагаад авчих” гэсэн саналаа ОХУ-д өгсөн байна лээ. Монгол улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол бид олон улсын шүүхэд хандахаар зэхэж материалаа цуглуулсан байгаа. Гэвч бид ийм үр дүнг хүсэхгүй байна. Монголчуудыг эрх мэдэл бүхий улс төрчид л өрөнд оруулж байна” гэв.
Харин “Монголиан коппер корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар:
“ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ манай компанийг гүтгэж, худал мэдээлэл зориуд тараасан гэдэг үндэслэлээр нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Манай компанийн талаар зориуд тараасан буруу мэдээллээ залруулж, уучлалт хүсэхийг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд даалгах үндсэн шаардлагатай нэхэмжлэл гаргаж байгаа юм.
Манай компанийн асуудлаар хууль хяналтын байгууллагууд удаа дараа шалгалт хийж байгаа. Гурван жил гаруй хугацаанд шалгаж байна. Жишээ нь сүүлийн хоёр жил АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг гарч нийслэлийн прокурорын хяналтанд шалгаж компанийн төлөөллийг 10 гаруй удаа дуудаж байцаалт авсан. Хамтарч ажилладаг байгууллагуудын удирдлагуудыг байцаасан тоо 70 гараад байна. Өөрөөр хэлбэл бид илэн далангүй хамтарч ажиллаж байгаа.
Харамсалтай нь манай компанийг байцаалтын ажиллагаанд саад учруулж байгаа мэтээр ташаа мэдээлэл тараасан. Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдээллээс харвал хууль хүчний байгууллагаас тодорхой мэдээлэл авсан нь илт байсан. Ямар зүйл ангиар шалгаж байгаа, ямар схемтэй санхүүгээ босгосон гэх мэт. Олон асуудлыг гүжирдсэн байдалтай ярьж байсан нь ч харагдаж байсан. Гол нь ямар хүмүүсээс байцаалт авсан гэдгийг зориуд орхигдуулж байна лээ.
Тэр яригдаад байгаа 400 сая долларыг төрөөс аваагүй. Төрөөс авсан нэг ч төгрөг байхгүй. Хууль хүчний байгууллагад бүх баримтаа өгсөн. Гэвч үүнийг үндэслэлгүй худал мэдээлэл болгон тарааж олон нийтийг манай компанийн эсрэг турхирч байна.
Монгол улсад Монгол хүн бизнес хийж чадахаа больсон байна. Улс төрчид хэвлэлээр ажлаа хийдэг болчиж. Бид энэ асуудлаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт удаа дараа тавьсан ч хүлээж авахгүй байгаа. Л.Оюун-Эрдэнэ гишүүн биднийг дуудаж уулзаагүй. Давуу байдлаа ашиглан зориуд олон нийтэд нөлөөлөх оролдлого хийж байна” гэж мэдэгдлээ.