Зам тээврийн сайд асан Д.Ганбат Эрдэнэт үйлдвэрт хийгддэг улс төрчдийн шахаа болон 49 хувийг улсад хураан авах болсон шалтгаантай холбоотой байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “Би Эрдэнэт үйлдвэрийн Худалдаа эрхэлсэн орлогч захирлаар 2 удаа томилогдож нийт 6 жил ажилласан. Улс төрчид Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг яаж дарамталж, хэрхэн шахаа хийдэг байсныг дэндүү сайн мэднэ.
Шударга царайлчихаад нийгмийг буруу тийш нь турхирдаг хүмүүс өөрийн хүүхэд болон хамаарал бүхий хүмүүсээрээ олон сая ам.долларын шахааг олон жил хийсэн нь үнэн. 8-9 жилийн өмнө яригдаж байсан шахаа хийдэг зарим нэг хүний жишээ бол мөсөн уулын зөвхөн орой нь байсан юм шүү.
Хэрэв хүссэн шахаагийн нь биелүүлэхгүй бол ажлаас чинь халуулна гэж дарамталдаг аргатай, санасандаа ч хүрч байсан жишээ бэлээхэн байна.
Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг улсад хурааж авч онц байдал тогтоосноор тэдний тасалдаад байсан шахааны бизнес эргээд цэцэглэсэн. Түүнийгээ залруулахын тулд Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг улсад хурааж авснаар улсын төсөвт төлсөн татвар эрс нэмэгдсэн гэдэг бол огт тийм биш, зөвхөн зэсийн үнэ өссөнтэй холбоотой.
Хэрэв хувийнхан татвар төлдөггүй байсан нь үнэн бол манай татварын байгууллага ажлаа мэддэггүй утсан хүүхэлдэй байсан гэсэн үг үү?! Улс орныг удирдаж байсан хүмүүс эдийн засгийн наад захын мэдлэг боловсролтой байсан бол ингэж ярихгүй л дээ” гэжээ.








































































