Монгол улсынхаа төлөө цохилох зүрхтэй, эх орон, төрсөн нутаг руугаа тэмүүлэх сэтгэлтэй хүн бүхэнд зориулав.
Гадаадад өнгөрүүлж буй цаг хугацаа бол өөрийгөө таньж мэдэх, сорьж үзэх, өөрчилж хөгжүүлэх хамгийн том боломж. Өнөөдөр энэ боломжийн талаар уншигч та бүхэнтэй хуваалцая гэж бодож байна.
Миний хувьд эх орноо нүүдлийн шувуу шиг орхиж гарсан тэр өдрөөс хойш Америкт ирээд гурав дахь жилдээ сурч, ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд авах гээх зүйл олон байлаа. Монголоос ирж байсан үе минь саяхан мэт санагдавч аль хэдийнээ гурван хавар, гурван намрын нүүрийг үзэж. Амьдрал дээр өдөр бүр нартай байдаггүй шиг хүний л газар болсон хойно амьдрал сайнтай муутай өрнөсөөр…
Америкт ирснээс хойш сурах зүйл ар араасаа хөвөрсөн одоо ч гэсэн суралцсаар л байна. Яг л юм бүхэнд сониучхан татагдах жаахан хүүхэд шиг. Өндөр хөгжилтэй орны нийгмийн амьдрал, соёлын нөлөө нь анх ирж байгаа хүн бүрт шинэ содон, сурч мэдэх, дасан зохицох шаардлагыг бий болгодог. Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монголчууд маань бүгд л адилхан энэ шаардлагын дагуу өөрөө өөрсдийнхөө амьдралыг дор бүрнээ бүтээж явна. Би тэр хүмүүсийн л нэг төлөөлөл.
Хүн чаддаггүйгээсээ биш МЭДДЭГ-гүйгээсээ болж, МЭДЭЭЛЭЛ-гүйгээсээ болж алддаг болохыг Америкт ирээд өөрийн биеэр олон үйл явдлуудаас мэдэрч байсны хувьд амьдарч буй тухайн улсдаа хэр зэрэг мэдээлэл сайтай байна, өөртөө хэрэгтэй мэдээллийг хэдий чинээ эрт олж мэднэ тэр хэмжээгээр цаг хугацаа хожихоос эхлээд олон зүйл дээр алдахаасаа өмнө зөв шийдвэр гаргах боломжтой байдгийг сайтар ойлгож авсан. Тиймээс гадаад руу явахаар зэхэж буй болон гадаадад ирээд удаагүй байгаа хүмүүст хандаж зөвлөхөд өөрт чинь хэрэг болох гол зүйлүүдээ цаг алдалгүй сайтар судлаж, хөөцөлдөж, хүмүүсээс санаа зоволтгүй асууж байгаарай гэж зөвлөх байна. Нэгэнт л шинэ газар шинэ хүрээлэл дунд орж ирж байгаа учраас анхнаасаа сэргэлэн цовоо, наанатай цаанатай байж чадвал цаг хугацаа, мөнгөнөөс эхлээд хожих онох зүйл олон байх болно шүү.
Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн өвгөдийнхөө сургаалиар ухаанаа хийж, хүний нутагт мөрөө гаргасаар зүтгэж явна. Алхсан мөр бүхнээ би зөв байсан гэж хэлж чадахгүй ч өөртөө харамсах зүйлгүйгээр амьдарч байгаадаа талархаж байна. Америкт ирсэн 1 жил, дараа нь 2 жил, тэгээд 3 жил энэ мэтчилэн цаг хугацаа нэг мэдэхэд л өнгөрчихдөг. Үүнээс харвал хүн өнгөрснөө зөвхөн ард нь гарч байж мэдэрдэг, мэддэг юм шиг байна. Харин энэ нийтлэлээр дамжуулан өнгөрсөн гурван жилээс мэдэрсэн, мэдсэн зүйлс маань миний хувьд юу байсныг дүгнэх завшаан тохиож байгаад баяртай байна.
Америкт ирээд удаагүй байхад хүмүүс чи Америкт хэр удах вэ? гэж асууна, эхэндээ миний хариулт бол бэлэн байсан л даа удахгүй л гэнэ, тэгсэн хэрнээ буцах жил нь тодорхойгүй. Надтай адилхан ийм хариулттай олон хүмүүс байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Байхаар ч барахгүй нэг мэдэхэд л 10 жил, 20 жил болчихсон гээд ярьж байсан олон хүмүүстэй таарч байлаа. Хааяа боддог л доо Америкт байсаар байгаад 10 жил болчих вий дээ гэж. Энэ бол бага хугацаа биш хүний амьдралд юу л бол юуг хийж, бүтээж, өөрчилж болохоор асар их цаг хугацаа. Цаг хугацаа бол тоглоом биш гэдгийг жил ирэх тусам мэдэрсээр байна. Хэрэв хэн нэгэн надаас гадаадад амьдрах сайхан уу? гэж асуулвал би сайхан гэхээсээ илүү боломж л их байна даа гэж хариулна. Харин ийм боломж таньд олдсон бол, хэрвээ олдвол боломжоо ашиглачихаад л буцах хэрэгтэй. Үлдэх хэрэггүй. Гадаадад өнгөрүүлэх хугацаа нь чухал биш харин БУЦАХ нь л чухал.
Би Монгол руу хэзээ буцахаа тодорхой хэлж чадахгүй ч аль болох хурдан буцна гэдэгтээ хэзээ ч эргэлздэггүй. Америкт байгаа цаг үе бол зөвхөн боломж, энэхүү боломжийг ашиглаж аваад дараагийн зогсоол руу хөдлөх өртөө төдий. Нэгэнт би Америк хэмээх энэ өртөөн дээр буудаллаж байгаа учраас өөрт олдсон боломжоо бүрэн ашиглачихаад нутаг буцахаа л бодож сууна. Харин одоо болтол буцаагүй байгаа нь би боломжоо хараахан ашиглаж дуусаагүй байгаатай холбоотой.
Америкт ирэхээсээ өмнө би Солонгос улсад гурван сар ажиллаж амьдарсан нь надад амьдралыг арай өөр өнцгөөс харах боломжийг олгосон. Тэр нь юу вэ? гэхээр сайхан амьдрал, үнэ цэнэтэй амьдрал гадаадад биш зөвхөн МОНГОЛД байгаа гэдгийг ойлгуулсан. Солонгост Америкийг бодвол ихэвчлэн биеийн хүчний ажил хийнэ. Ачаалал санасаныг бодоход их. Монголд би оюутан болсон цагаасаа хойш улсын болон хувийн хэвшлийн олон салбарт, олон байгууллагад үндсэн болон туслах ажилчнаар ажиллаж үзсэн. Монголд хийж үзээгүй ажил надад бараг байгаагүй. Залуу хүн хийчих боломжтой бүх л ажлыг хийж байсан. Харин Монголд хэзээ ч мэдэрч байгаагүй ажлын ачааллыг бас авч үзээгүй өндөр цалин хөлсийг Солонгост очоод авч үзсэн, тэнд мэдэрсэн зүйл надад олон байсан.
Солонгост ажиллаж байхдаа амьдралдаа анх удаа биеийнхээ ихэнх хэсгийг цочроотол, буларч хөндүүрлэх хүртэл ажиллачихаад мэдэрсэн мэдрэмж маань юу байсан гээч. Сэтгэлээрээ өвдөж зовоогүй ч гараа атгаж чадахгүй, хөдлөх бүрт зовиурлах биеийнхээ хэсгүүдийг хараад үнэхээр их өрөвдсөн. Өрөвдөхдөө биеийнхээ эрхтэн бүрт зориулж шүлэг хүртэл бичиж байлаа. Тэр үед л өөрийгөө хайрлах, хүний нутагт хар ажил биш эх орондоо хүссэн зүйлээ хийхийн ялгааг яс махандаа тултал ойлгосон. Тэгэхэд би ердөө гуравхан сар ажилласан шүү дээ. Гэтэл надаас удаан хугацаанд 5 жил, 10 жил Солонгост амьдарсан ах эгч нарыгаа хараад өөрийн эрхгүй хүндлэх, өмнөөс нь өрөвдөх бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Болдог бол бүгдийг нь дагуулаад эх орон луугаа буцмаар санагдаж байсан. Одоо эргээд харахад туулж давсан цаг үе бүхэн л хүнд амьдралыг ойлгуулж, мэдрүүлж нэг туулсан замаараа дахин туулах шаардлагагүйг сануулж, сургамж болж өгдөг юм шиг. Харин Америкт ирээд Солонгос шиг өвдөж зовтлоо зүдэрсэнгүй гэхдээ л бас өдөр шөнөгүй ажилладаг. Зав чөлөө гэдэг зүйл үнэндээ л энд өдрийн од. Гэхдээ зөвхөн ажлын хойноос мал шиг зүтгэж, амьдралаа үгүй хийхийг бас хүсэхгүй байгаа болохоор боломж л гарвал өөрийгөө хөгжүүлж, онлайнаар бакалаврт суралцаж, бие бялдараа хөгжүүлж, санхүүгийн асуудал, гэр бүлийн асуудлаа шийдвэрлэж Америкт байгаа боломжийг яаж л үр дүнтэй ашиглах боломжтой байна тэр бүхний хойноос залхууралгүй, хойш суулгүйгээр барьж аван зүтгэсээр байна.
Та бүхэнд санаа өгөх зорилгоор амьдралд ойр өөрийнхөө биш өөр нэгэн жишээг хуваалцая л даа. Солонгос улсад 10 жил ажилласан нэгэн залуу Монгол руугаа буцах болж, сэтгэлдээ баяртай, догдлол хүлээлтээр дүүрэн эх орноо зорих гэж байв. Учир нь түүний хувьд Солонгост өнгөрүүлсэн 10 жил нь гэр бүлийнхээ төлөө өөрийнхөө амьдралын хором бүрийг тушаан хөдөлмөрлөсөн шаргуу он жилүүд байсан. Түүнд өвдөж зовох, шантарч бууж өгөх эрх байсангүй. Айлын том хүүхэд болохоор дороо олон дүүтэй байсныг ч хэлэх үү? Аав ээж, дүү нараа туслаж дэмжихээс эхлээд хүүгийн болон ахын үүргээ умарталгүй олсон хэдэн төгрөгөө өөрөөсөө харамлан байж гэр лүүгээ явуулна, үлдсэн жаахан мөнгөө хэрэгцээний мөрөөдөл болох байр машиндаа хадгална. Тэр чадлынхаа хэрээр хүний нутагт борви бохис хийлгүй ажиллаж зүтгэсэн. Хэрэгцээний мөрөөдөлдөө шаардлагатай мөнгөө ч цуглуулж чадсан. Харин хүний нутагт түүх болгоод үлдээж буй 10 жил нь түүний залуу насыг, өөртөө гаргах, өөрийгөө хөгжүүлэх боломжтой байсан цаг хугацааг нь аваад үлдсэн. Ямартаа ч энэ бүхний ард нь гараад Монгол руугаа буцахаар онгоцны буудал дээр нутаг буцах нислэгээ хүлээн сууна. Эцэст нь тэр Монголдоо ирлээ. Гадаад дахь амьдралдаа цэг тавиад ирлээ гэж бодож байсан түүний хувьд Монголд буцаж ирээд удаагүй байтал асуудал арай өөрөөр эргэв.
Тэр Монголд очоод ажилд орох гэсэн тохирох ажил тийм ч амархан олдсонгүй, нэг биш нэлээд хэдэн ажил сольж үзлээ. Солонгост олсон хэдэн төгрөг нь байр машинд яваад л бараг таарчихсан болохоор үлдсэн хэдэн төгрөгөөрөө ажилгүй удаан явах боломжгүй. Бага дүү нар нь эхнээсээ оюутан болж, өөрөө ч гэсэн нас нь явж байгаа болохоор тогтвортой ажилд орох, гэр бүл зохиохоос эхлээд Монголд хийх зүйл түүнд маш их байв. Хамгийн гол нь гэр бүлийнхээ дэргэд байгаа болохоор тэр юунд ч санаа зовохгүй сайхан байв. Амьдрал гэдэг өөрөө тааварлашгүй. Нэг л өдөр муу мэдээ түүний чихийг дэлсэв. Монголд ирээд удаагүй байтал аав нь элэгний хорт хавдартай гэсэн оношоор хүнд өвдөж, маш хүнд хагалгаанд орж эмнээс эм, асаргаанаас асаргааны хооронд хүн болов. Монголд эхлүүлэх шинэ амьдралаа босгох, өвдөж шаналсан эцгээ жаахан ч гэсэн урт хугацаанд амьдруулах, өөрийн гэр бүлээ авч явахад нь Монголд амьдрах хэцүү болов. Ахиад л Солонгос явах шаардлагатай болж, явах шийдвэрийг гаргаж, дургүй байгаа ч, Монголдоо үлдмээр байгаа ч аргаргүйн эрхэнд Солонгос буцахаар нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гомдолтой эх орноо биш хүний нутгийн зүг нислэгээ хүлээн эмтэрч зогсоно. Амьдрал түүний хүслээр байсангүй. Аргагүйн эрхэнд туулсан зам, бүтээсэн түүхээрээ дахин замнах гэж байна.
Дээрх жишээтэй адилхан гадаадад амьдарч буй олон залуусын ард бидний төсөөлөшгүй хүнд хэцүү олон түүх нуугдан байгаа. Гадаад руу гарсан л бол амьдрал сайхан болно гэж бүү эндүүрээрэй. Гадаадад л байгаа бол сайхан амьдарч байгаа гэж битгий бодоорой. Хэн юуг золиослоод юунд хүрэх гэж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Амьдралын үнэ цэнэ юу болохыг илүү сайн ойлгох хэрэгтэй. Дээрх түүхээс ойлгож авсан санаа нь анхнаасаа дээрх залуугийн гадаадад өнгөрүүлсэн 10 жил Монголд ирээд үнэ цэнэгүй болж байгаа юм бол гадаадад тэр олон жил амьдарсаны хэрэг юу байсан юм бэ? Монголчууд гадаадыг тэгтлээ зорьж байгаагийн хэрэг юу юм бэ? Солонгос яваагүй Монголдоо байсан бол энэ залуу яаж хийгээд ажилтай, ядаж л гэр бүлтэйгээ 10 жил дурсамж дүүрэн эх орондоо өөрийн боломжоо бүтээн амьдарч болох байсан шүү дээ. Гэр бүл хайртай бүхнээсээ хол байж энэ замыг сонгон хүний нутагт амьдрахын үнэ цэнэ юу юм бэ?
Дэлхий өөрөө нэг л гариг. Та Америкт ч бай Монголд ч бай нэг л амьдрана. НЭГ гэж тодотгож байгаагийн гол учир нь үнэ цэнэтэй холбоотой. Энэ үнэ цэнэ бол зөвхөн Монголд амьдрах тухай. Дэлхий яаж өөрчлөгдсөн ч ЧИ бол ЧИ-гээрээ л байна. БИ бол БИ-гээрээ л байна. Монгол Монголоороо л байна. Тийм учраас Монголд ч бай, Америкт ч бай би хэн бэ? гэдгээ хамгийн түрүүнд олох хэрэгтэй. Харин өөрийгөө олоогүй л бол дэлхийн хаана ч байсан яг адилхан. Амьдралын тань хэлбэр, байршил л өөрчлөгдөхөөс та огтхон ч өөрчлөгдөхгүй. Учир нь та өөрийгөө хайсаар л байх болно. Өндөр хөгжилтэй, сайхан оронд оччиход л та өөрчлөгдөнө гэж бодож байна уу? гэхдээ үгүй энэ тийм ч амархан биш. Хүн л өөрийгөө өөрчлөх боломжтой, хэрвээ хүсвэл шүү дээ. Нөхцөл байдал, орчин яаж ч өөрчлөгдсөн, амьдралд юу ч тохиолдсон та л бүхнийг өөрчилж чадна. Тиймээс Америк ч бай Европ ч бай энэ зөвхөн орчин. Энд зөвхөн амьдрал л өрнөнө. Харин дэлхийн хаана ч өрнөх амьдралыг өөрчлөх хүн нь та бид. Ялангуяа Монголд амьдрах орчноо бид өөрсдөө л бүтээх ёстой. Бид л өөрчлөх ёстой.
Залуус бид өнөөдөр хийсэн сонголтоороо ирээдүйгээ тодорхойлж, хичээл зүтгэлээрээ түүндээ хүрэх боломжтой хөгжил дэвшлийн эрин үед амьдарч байна. Цаг үетэйгээ нийцүүлж сэтгэх болон хөгжих шаардлага нь залуус бидний өмнө унтах нойр, идэх хоолноос ч чухлаар тавигдаж байна. Хатуухан хэлэхэд хүсэж байгаа амьдралынхаа төлөө бид тэмцэж чадахгүй бол алдаж байгаа зүйлсийнхээ төлөө гомдоллох эрхгүйг сануулсаар байна. Цаг хугацаа ч мөн адил энэ зарчмаар бидэнтэй нүүр тулж амьдралын хором, мөч бүрээр биднийг сорьж, шалгасаар байна.
Хүний нутгаас жаргал эрэхээр өөрийн нутгаа диваажин болго хэмээн халхын То Ван Б.Төртогтох хэлсэн байдаг. Гадаадад үлдэж хоцрохоос илүү эх орондоо буцаж очоод хийх зүйлс бидэнд их бий. Хаана ч байсан өөрөө өөрийгөө аваад явчих чадалтай, хариуцлагатай, зорилго тэмүүлэлтэй байж чадвал Монголд ч гэсэн хангалттай боломж бий гэдэгт би итгэдэг. Сүүлийн үед Америкт байгаа найзуудаас, таньдаг хүмүүсээс маань нилээд хэсэг нь Монгол буцахгүй үлдэнэ, эндээ амьдрана, Монголд амьдрал хэцүү байхад буцаж очоод юу хийх вэ? дээ гэх мэтээр ярьж, хэлж байхыг олон удаа сонссон. Зөвхөн Америкт ч биш бусад гадаад улс орнуудад амьдарч байгаа хүмүүс хүртэл иймэрхүү хандлагаар Монгол буцах биш гадааддаа үлдэх сонголтыг хийсээр л байна. Гадааддаа үлдэх сонирхол ихэссээр байна. Гэтэл энэ сонголтын цаана биднийг юу хүлээж байгаа бол? Би бусдын сонголтыг хүндэтгэх учиртай харин буруутгах эрхгүй. Гэхдээ буруу биш зөв сонголтонд уриалах эрх бас боломж надад бий.
Аз жаргал хэмээх амьдралын баганыг өөрсдийн амьдралдаа босгох гэж хүний сайхан үрс алс хол харийн нутагт сурч, ажиллаж, амьдарсаар байна. Эх дэлхийд амьдрах орон зай дутсандаа биш, эх орон, эх нутгаасаа дайжиж залхсандаа бус, амьдралын эрхээр, хүсэл мөрөөдлийн дуудлагаар, гэр бүл, хайртай бүхнийхээ төлөө, алс хол хилийн чанадад, эх дэлхийн өнцөг булан бүрт Монголчууд маань мөрөө гаргаж, нэрээ үлдээж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, хөгжил дэвшлийн үрийг хүний нутгаас эх орондоо цэцэглүүлэхээр өглөөний нарнаас үдшийн бүрийтэй золготол амсхийлгүй сурч, ажиллаж амьдарсаар байна.
Эх дэлхийн хөгжил, их гүрнүүдийн нийгмийн амьдралд хөлс хөдөлмөр, ур ухаан, авъяас билиг, эрүүл мэнд, эрхэм хүндтэй цаг хугацаагаа хандивласаар байна. Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын маань амьдралын хэв маягт өөр хоорондоо ялгарах өвөрмөц том ялгаа байхгүй. Бүгд л амьдарч буй орон газартаа, хийж байгаа ажил төрөлдөө, сурч буй сургууль, эзэмшиж буй болосвролдоо хамаг бүхнээ зориулж, хүний нутагт мөр бүтэн, нэр цэвэр, ариун шударгаар сурч, хөдөлмөрлөн амьдарсаар байна. Харин гадаадад өнгөрүүлж буй энэ он жилүүдийг Монголдоо өнгөрүүлсэн бол бид юу хийж чадах байсан бол. Өнөөдрийн Монгол улсыг маргаашийн ямар түвшинд аваачих байсан бол. Энэ бол бодох асуудал.
Мөрөөдлийг бид өнөөдөр хэрэгжүүлбэл маргаашийг бид өөрчилж чадна. Харин бидэнд Монгол улсаа өөд нь татах, өөрчлөх, Монголдоо хийж хэрэгжүүлэх мөрөөдлүүд байгаа бил үү? Монголд эрэлхийлэх боломж, Монголд бүтээх амьдрал л энэ хорвоо дээр хамгийн үнэ цэнэтэй гэж бодож байна. Эх орон, төрсөн нутгаас өөр энэ дэлхийд үнэ цэнэтэйгээр, жаргалтай амьдрах газар ховор шүү…
Эцэст нь тэмдэглэхэд энэхүү нийтлэлээрээ хилийн чанадад амьдрахыг буруушаах гэсэнгүй. Харин ч бид гадаад улс орнуудыг зорьж, юм үзэж, нүд тайлж, сурч боловсрох нь залуус бидний хувьд маш том боломж. Гагцхүү сурсан мэдсэн бүхнээ тээгээд эх орондоо БУЦАЖ очиж хэргийг нь гаргах хэрэгтэй гэдгийг л ойлгуулах гэсэн санаа.
Хүн өрөөлийн нутагт хагас, өөрийн нутагт бүтэн жаргадаг хэмээн Төрийн соёрхолт, яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай нэгэнтээ хэлсэн байдаг. Бидэнд өөрийн нутагтаа бүтэн жаргах боломж бий. Энэ боломжоо илүү сайжруулах хэлбэр нь гадаад улс орнуудаас мэдлэгийг, хөгжлийг эх орондоо түгээх, тээвэрлэх явдал юм шүү дээ. Түүнээс биш очсон газраа, тэр улсдаа шингэж, уусаж, нийгмийн амьдралынх нь нэг хэсэг болно гэсэн үг биш.
Өнөөдөр бидний мэдэх Хятад, Солонгос, Сингапур энэ гурван улс залуусаа, залуу үеээ гадаадын өндөр хөгжилтэй гэсэн улс орнууд руу хэдэн мянгаар нь илгээсэн. Энэ илгээлт, энэ нүүдлийг тэд зохион байгуулалттайгаар, алсын хараатайгаар хэрэгжүүлсэн. Эргэж ирээд эх орондоо ажиллаж, амьдрах боломжийг нь бүрдүүлсэн. Залуу үеэ дэмжсэн. Залуу үеийнхээ хүчийг, ажиллах хүчнийхээ хүчийг дотоодоосоо бий болгож чадсан. Тиймдээ ч өнөөдөр гадаадын улс орнуудаас олж авсан дэлхийд үнэлэгдэхүйц хөгжлийг өөрсдийн залуу үеээр, дотоодын ажиллах хүчээрээ цуглуулж, цогцлоож улс орноо хөгжүүлж чадсан. Дээрх улсуудын хөгжлийн нууц ердөө л энэ. Үүнтэй адилхан Монголчуудын маань гадаад орнууд руу хийж буй нүүдэл үүнтэй л адилхан байх учиртай. Тэгэж байж гэмээнэ бид эх орондоо сайхан амьдрана, эх орноо өөрсдөө хөгжүүлнэ. Хөгжлийг бид холоос биш, хэн нэгнээс бус, урагш ахицгүй төр засгаасаа биш зөвхөн өөрсдөөсөө эрж хайх цаг ирж. Энэ бол хөгжлийн дуудлага.
Харь газар хүний нутагт биш эх орондоо гадаад улс орнуудаас олж авсан дэлхийн боловсролоор, дэлхийн дайтай мэдлэгээр, туршлагаар, шинэ санаагаар бид шинэ мянганы Монгол улсыг бүтээн байгуулах учиртай. Биеийн хүчээрээ биш билиг оюунаараа улс орноо авч явах цаг үе бидэнд ойрхон байна. Тиймээс хүний нутагт нүдээ нээж, ухаанаа тэлж, өөрийгөө олсон бол үлддэг биш буцдаг байгаасай гэж хүсэх байна.
Хүндэтгэсэн,
Б.Баттөр
АНУ, Чикаго хот
2019 он