Удаан хугацаагаар сэтгэл санаа тавгүйрэх, ганцаардах, буруу зуршилд автах нь хүний бие махбодод далд өвчлөлийг бий болгодог аж. Ингэснээр харилцаа муудаж, ажлын бүтээмж, сурлагын идэвх ч буурдаг болохыг анагаах ухааны судлаачид тогтоожээ.
Та өөрийн ч мэдэлгүй дараах зуршлуудыг хийдэг бол таны сэтгэл санаа далд хэлбэрийн гутралд орсны дохио юм. Эдгээр 12 шинжээс 3-аас их нь таны өдөр тутмын амьдралд агуулагддаг бол өөрийн сэтгэл санаа, амьдралын хэв маягт анхаарал тавих цаг болсон гэсэн үг юм шүү.
1. Юмсыг бодит байдлаас өөрөөр төсөөлөн, ургуулан бодох дуртай
Хүний төсөөлөн бодох чадвар бүтээлч байдалтай холбоотой ч үргэлж аливааг бодит бусаар хүлээн авч, тархиндаа зураглах нь түүндээ итгэх, тархийг төөрөлдүүлэх аюултай юм. Суут зураач, уран бүтээлч нарыг ч амьд ахуй цаг үед нь сэтгэцийн өөрчлөлттэй гэж хүлээн авдаг байсан шүү дээ.
2. Бүх зүйлээс утга учир хайдаг
Хүн бүхэн өөрийн амьдралдаа зорилго тавьж, түүнийхээ төлөө тэмцдэг ч сэтгэл гутралд орсон хүмүүс өөрийн эрхгүй аливаа зүйлээс үүрэг зориулалт, утга учир хайж байдаг. Тэд амьдралын утга учир, хүмүүсийн сэтгэл зүрх үнэн, эсэхийг бодон тархиа гашилгасаар нэг л мэдэхэд энэ нь зуршил болдог аж.
3. Чимээгүй уйлдаг
Хүмүүс аливаа хүнд бэрхшээлтэй цаг үедээ үргэлж бусдыг туслаасай, хайрлаасай гэж хүсдэг төрөлхийн мэдрэмжтэй. Харин удаан хугацаагаар хямарсан хүмүүс нэгэнт бусдаас тусламж гуйлаа гээд онц өөрчлөлт гардаггүй тул өөртөө түүнийгээ хадгалсаар байдаг. Тэд бусдад нулимсаа үзүүлэхээс ичдэггүй ч хэнд ч харагдахгүй уйлах нь дээр гэж боддог.
4. Юу мэдэрч байгаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй
Тэд үргэлж нэг зүйлийн тухай бодож, үгүйлж байдаг ч түүнийгээ өөртөө нарийн тодорхойлж чаддаггүй тул өөрийнхөө сул дорой гэдгийг мэдрэхийг хүсдэггүй.
5. Үхэл, амьдралын тухай үргэлж боддог
Удаан хугацаанд сөрөг мэдрэмжид автах үед бие махбод хариу үйлдэл үзүүлэн “хямарч байна” гэсэн дохиог илгээж толгой өвдөх, гэдэс базлах зэрэг шинж илэрдэг. Далд сэтгэл гутралд орсон хүн “Үхэх, амьдрахад ялгаа байна уу?” гэж боддог ч үнэндээ амьдрахыг хүсэж буйгаа мэдэрдэг. Тиймээс ямар нэг өөрчлөлт хийхийг хүссэн ч түүнийгээ хараахан олоогүй байдаг.
6. Хооллох буруу зуршилтай
Сэтгэл гутралын хүнд байдалд орсон хүний хооллох зуршил ч мөн өөрчлөгддөг. Ходоод өвдөх, гэдэс базлах мэдрэмж үргэлж төрнө. Хоолны дуршил буурч, турж, эрч хүчгүй болж, толгой эргэх, халуурах нь ч бий.
7. Хангалттай нойр авч чаддаггүй
Өдөр бүр нэг цагт унтах, босох гэдэг маш хүнд санагдана. Орой үдшээр нойр сэргэж, амьдралын тухай эргэцүүлнэ. Өглөөд босоход маш их ядарсан, хангалттай амарч чадаагүй санагдана.
8. Үргэлж ганцаардлыг мэдэрдэг
Хэн нэгэн тэдэнд тус хүргэх, баяр хөөр бэлэглэх үйлдэл хийсэн ч хэт их гутралд орсон хүний хувьд ямар ч зүйл “хариу” нэхсэн утгагүй мэт санагдаж, олон хүний дунд ч ганцаардаж суудаг. Тэднийг нүдэнд үл харагдах ганцаардлын биет дагасан байдаг.
9. Буруу зуршилтай
Тогтмол дасгал хийж, аялж зугаалж, сэтгэл өөдрөг явдаг хүн тэр бүр сэтгэл санаагаар хямрах нь үгүй. Эсрэгээрээ тамхи ихээр татаж, кофеин, согтууруулах ундаа хэрэглэдэг бол хүний бие өөрийн эрхгүй эдгээр бодист донтож, сэтгэл санаа хямардаг байна. Тиймээс нэн яаралтай хорт зуршлаа орхиорой.
10. Жаргалтай мэт дүр эсгэдэг
Тэд бусдад яаж харагдах, яаж мэдрэгдэхээ сайн мэддэг. Тэд сэтгэлдээ мэдэрч буй бүхнээ таарсан хүмүүстэйгээ хуваалцах боломжгүй тул хиймэл “баг” зүүж бүх зүйл хэвийн мэт аашилдаг. Харин дотоод сэтгэлдээ улам их ганцаардаж гутарч байдаг. Учир нь “Хэн ч миний “баг”-ыг нь хуу татаад, байгаагаар нь хайрлахыг хүссэнгүй шүү дээ.” гэж бодно.
11. Хүүхэд насны хар бараан дурсамжтай
Хүүхэд насны дурсамж хүний сэтгэлд хамгийн тод үлддэг. Эцэг эх нь зодолдож, багад нь гэмтээдэг байсан хүн том болоход хар бараан дурсамж нь байнга санагдсаар байдаг. Тиймээс өөрөө эцэг эх болохоос айж, дарамтад ордог. Шийдвэр гаргахаас айж, тэр цаг үеийг ахин бий болгохоос айдаг.
12. Аливааг хүндээр тусгадаг
Тэд маш гомдомтгой, уцаартай, эмзэг болсон байдаг. Тиймээс багахан үг хэлэхэд гомдож, үгээр хэлэхийн аргагүй ганцаардах нь бий. Харин багахан баяр хөөртэй үйл явдалд ч хөөрөн баярлаж магадгүй. Тэд болж буй үйл явдлыг цаашид хэрхэн өрнөх бол гэсэн сониуч зан, төсөөлөн бодох чадвартай байдаг тул өөрийн эрхгүй цаашид болох муу зүйлсийн тухай бодол тээдэг.