Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шинээр нам байгуулах гэж байгаагаа мэдэгдлээ. Нам байгуулах талаар Л.Болд “Би АН-ын удирдлагуудад сануулга өгч намаасаа гарсан. Гэсэн хэдий ч АН өнгөрсөн хугацаанд хууль бус шийдвэрээсээ татгалзах байх гэсэн. Татгалзаагүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс гарч байгаа тухай шийдвэрийг УИХ-ын дарга асан М.Энхболд намрын чуулганы үеэр мэдэгдсэн. Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүн болсон. Бид УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна. Монголын төлөө гэсэн нам байгуулна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Олон зэвсэгт хүчин, дайчид эх орноо хамгаалж байгаа. Энэ сайхан өдөр Л.Болд гишүүнтэй хамт шинэ улс төрийн хүчин байгуулж байгаагаа зарлаж байна. Монголд шударга ёсыг тогтоож чадах шинэ хүчин хэрэгтэй байна. МАНАН-гийн улс төр Монгол төрийг гадныханд атгуулж байна. Хүн амын 80 хувь ядуу, хүчирхэг дундаж давхрага байхгүй болсон гэсэн судалгаа байна. Төрийн эрх мэдлийг мафи барьдаг болсон байна. Энэ бүхнийг эцэс төгсгөл болгохын тулд Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байна. Ардчилсан намаас хөөгдөх бол бурхны бидэнд өгсөн боломж байлаа” гэж мэдэгдлээ.
Гишүүдийн мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа асуув.
-Та хоёр ямар нэртэй улсы төрийн нам байгуулж байна вэ?
-Бид удахгүй их хурлаа хийж, намын бодлого, үйл ажиллагааны чиглэл, нэрээ өгнө.
-Швейцарьт хийсэн айлчлалаар С.Баярцогтын оффшор дансны хуулга авчирсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ удаагийн айлчлал УИХ-ын хамтын ажиллагааны хүрээнд болсон. Т.Аюурсайхан гишүүн Оффшортой тэмцэх бүлгийн даргынхаа хувьд мэдэгдэл хийсэн байх. Швейцарь цаашдаа гэмт хэргийн оргон нуугддаг газар биш гэдгээ мэдэгдсэн. УИХ мөрдөн шалгадаг үйл ажиллагаа явуулдаггүй.