“KFC” сүлжээ хоолны газарт хүмүүс олноороо хордсон улмаас МХЕГ-аас хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт албан ёсоор гарчээ. Энэхүү шалгалтын талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа. Тэрээр “Нийслэлийн хэмжээнд “KFC”-ийн 12 сүлжээ үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас бусад 11 салбар болон Зайсан салбарт хяналт шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд хэд хэдэн зөрчил дутагдлыг илрүүллээ. Тухайлбал зарим салбар дээр ашиглаж байгаа ундааны хугацаа дууссан. Мөн нийт 410 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой байтал 9 хүн үзлэгт хамрагдаагүй байсан. Энэ мэт 64 зөрчлийг илрүүлсэн. Улмаар дөрвөн салбарт Зөрчлийн хэрэг нээн шалгаж, 4 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан бол долоон газарт хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
Харин хоолны хордлого гарсан Зайсан дахь KFC-ийн үйл ажиллагааг прокурорын тогтоолоор бүхэлд нь зогсоосон. Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. Мөн 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан. Үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндэд учруулсан хохиролд эм, эмнэлгийн зардалд 49 сая 407 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж барагдуулах арга хэмжээ авч ажиллалаа.
Мөн тухайн KFC салбарын усан хангамжийг нийлүүлэгч “CCS MGL” компанийн гүний худгийн үйл ажиллагааг шалгахад зохих зөвшөөрөлгүйгээр ус түгээж байсныг илрүүлж тухайн хэрэг дээр Зөрчлийн хэрэг нээж 5 сая төгрөгөөр торгох шийтгэл, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж ажилласан.
Шинжилгээний нэгдсэн дүгнэлтээр хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт болох нь өвчтөнүүдэд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний дүнгээр, хохирогч холбогдогчоос авсан мэдүүлгээр тогтоогдсон” гэж мэдэгдлээ.