Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 3 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Буэнос-Айрес хотод болсон Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны Сайд нарын II хуралд оролцож, Бүгд Найрамдах Аргентин Улсад ажлын айлчлал хийв.
Сайд Ч.Улаан Аргентины Хөдөө аж ахуйн сайд ноён Лүйс Мигель Этчэвэхэрэ-тэй уулзаж салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав. Тухайлбал, сайд нар Монголд шүлхий өвчний хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, махны чиглэлээр хоёр орны хамтарсан үйлдвэр байгуулах, хувийн хэвшил хоорондын харилцааг нэмэгдүүлэх боломжийг судлан ажиллахаар болжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Аргентин Улсын Засгийн газар хоорондын техникийн хамтын ажиллагааны тухай Хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар ярилцаж, хамтарсан төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцсон байна.
Манай төлөөлөгчид Аргентины Үндэсний хүнсний аюулгүй байдал, чанарын албаны байгууллага- “SENASA”-д зочлов. SENASA-гийн Дэд ерөнхийлөгч Гиеэрмо Росси байгууллагынхаа тухай танилцуулж, Монголд малыг бүртгэлжүүлэх, шүлхий өвчний хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа. “SENASA” төвөөс эхний ээлжинд мэргэжилтэн илгээж, шүлхийн хяналтыг сайжруулах хөтөлбөрийг эхлүүлэхээр санал тавьжээ.
Түүнчлэн Аргентины ХАА-н технологийн хүрээлэн “INTA”-гийн захирал Адолфо Лүйс Сайд Ч.Улаантай уулзахдаа хамтарсан судалгаа хийх, улмаар тус төвийн мэргэжилтнүүдийг ирэх 4 дүгээр сард Монголд ажиллуулж, “Хүйтний улиралд малыг шимтэй тэжээлээр тогтмол хангах” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид шүлхийн эсрэг вакцин үйлдвэрлэгч “Биохенисэс Баго” компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд Монголд мал эрүүлжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.