ОХУ-ын нийслэл Москва хотноо Анатолий Харлампиевийн нэрэмжит Самбо бөхийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд FIAS буюу Олон улсын Самбо бөхийн холбоонд бүртгэлтэй 33 улсын 250 орчим тамирчин нийт 27 жинд байлдааны самбо болон спорт самбо бөхийн төрлөөр хүч үзсэн байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд барилдсан өнгөрсөн оны аварга, 2018 оны Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Ц.Батцэцэг дахин аваргын алтан медаль хүртэж, уг тэмцээний хошой аварга болов.
Харин эрэгтэйчүүдийн 74 кг-ийн жинд зодоглосон ОУХМ Н.Хадбаатар мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч сорьсон, 2018 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Б.Баасанхүү, эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд барилдсан, МУХБ, МУГТ Х.Цагаанбаатар, +100 кг-ийн жинд өрсөлдсөн, 2018 оны Ази тивийн аварга, ОУХМ Д.Пүрэвдорж нар хүрэл медаль хүртжээ.