Шаргаморьт чиглэлийн шинэ замын эхлэл болох Салхитын ам орчимд байрлах борооны ус зайлуулах хоолойг хашаа руугаа ус оруулахгүй гэж бөглөсөн байжээ. Борооны ус зайлуулах сувгийг шавардаж, чулуугаар битүүлсний улмаас өчигдрөөс эхлэн орсон борооны ус зам дүүрэн, хашлага давж цохисноос замын нэг хэсэг эвдрэлд орсон талаар Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж мэдээллээ.
Ус зайлуулагчаар дамжиж буй ус хэдэн айлын хашаагаар дамжин өнгөрч байгаа учраас айлууд эсэргүүцэн ийнхүү бөглөсөн байна. Хаврын шар усны үеэр ойр орчмын айлууд мөн л ингэж тагласан байжээ. Тиймээс уулзаж, хашааны дундуур шуудуу татахыг зөвлөжээ. Зам баригдсанаас хойш замын зорчих хэсэг өргөсөж, хашлагатай болсон учраас гадаргуугийн ус дайрч өнгөрнө гэдгийг учирласан ч хашаан дотор бохир болно хэмээн зөвшилцөж чадаагүй байна.
Цаашдаа энэ мэт үйлдэл дахин гаргаж, ус зайлуулагчийг бөглөх юм бол их хэмжээний ус шинэ барьсан замыг хашлагатай нь эвдэх нөхцөл үүсээд байгаа аж.