Азийн хөлбөмбөгийн холбооны 29-р их хурал энэ цаг мөчид Малайз улсын Куала Лумпур хотод болж байгаа бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос Монголын Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагаа, зөв зүйтэй бодлогыг өндрөөр үнэлж А.Ганбаатарыг Холооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгож улам их итгэл хүлээлгэв. МХБХ сүүлийн жилүүдэд Азийн томоохон холбоодуудтай үйл ажиллагаагаараа өрсөлдөж, 2018 онд Япон, БНАСАУ-ын хөлбөмбөгийн холбоодтой эн зэрэгцэн нэгэн шагналын тавцанд гарч, АХБХ-ны “Өсөх ирээдүйтэй холбоо”-оор шалгараад байсан.
Эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, футзал, лигийн систем, орон нутгийн хөлбөмбөг, тоглогч, дасгалжуулагч, шүүгчийн боловсрол гээд хөлбөмбөгийн хүрээнд яригдах бүхий л төлөөллүүдэд хүрч ажиллах зорилготой МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч болсон нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд том хувь нэмэр болох нь гарцаагүй.
Дашрамд дурдахад МХБХ өдгөө Герман дасгалжуулагч Майкл Вайсс, Румын улсын иргэн, хаалгачийн дасгалжуулагч Драгош Плопеану, Техникийн захирал Тунис улсын иргэн Хатем Соусси, дасгалжуулагчийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Словак улсын иргэн Растислав Бозик, Охидын 16, 19 насны шигшээ багийн дасгалжуулагч Япон улсын иргэн Рио Наоко Кавамото гэсэн дэлхийн хэмжээний мэдлэг боловсролтой мэргэжилтнүүдийг Монголдоо ажиллуулж байгаа юм.
Эх сурвалж: МХБХ