Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал Хаврын тариалалтад зориулан тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 35.6 мянган тонн, ТЭДС болон Улсын нөөцийн салбарт 11.4 мянган тонн, нийтдээ 47.0 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдэж, дутагдах 10.0 мянган тонн үрийг импортоор нийлүүлэхээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд квот олгох ажлыг зохион байгуулж байна.
Түүнчлэн энэ хаврын тариалалтад зориулан дотоодын эх үүсвэрээс нөөц бүрдүүлсэн 11.4 мянган тонн үрийн буудайг зөвхөн ТЭДС-гаар дамжуулан 30 хувийн урьдчилгаатайгаар худалдан борлуулж, намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр ОБЕГ-ын Улсын нөөцийн салбартай тохиролцож, хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тариалангийн салбарын технологийн ажилбаруудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан 11.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4.8 сая литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгох бөгөөд энэ нь нийт хэрэгцээт шатахууны 30 орчим хувь болж байгаа юм.
Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэгжийн ургацыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
• 5.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 468.1 тонн ургамал хамгааллын бодис,
• 3.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 1518 тонн нийлмэл бордоо,
• 257 тонн гумины бордоог тус тус 30 хувийн урьдчилгаатай олгож дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.